Ойлголтын зөрүү: Одоохондоо мөнгө өгч байгаа төр биш, авч байгаа хувийн сургууль, цэцэрлэг баатар, гэхдээ даамжруулж болохгүй

Х.Батсайхан
1 цаг 40 минутын өмнө

Төрөөс хувийн сургууль, цэцэрлэгт өгдөг урсгал зардал улстөрчдийн төсвөөс мөнгө саах нэг хэрэгсэл болсон гэсэн ойлголт төрүүлэхүйц мэдээлэл сүүлийн хэд хоногт сошиал орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна.

Үнэндээ нэг бус асуудалд ойлголтын зөрүү гарч байна.

Хувийн сургуульд урсгал зардал өгөх нь хууль, гэхдээ хэмжээг нь нягтлах шаардлага бий

Монгол Улсын Үндсэн хуульд сурч боловсрох эрхийг хүүхдэд, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол олгох үүргийг төрд хариуцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдэд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол олгох нь төрийн Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг. Төр энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаа. Тиймээс хувийн хэвшил сургууль, цэцэрлэг байгуулж, төрийн ачааг үүрэлцэж буй. Үүнийх нь төлөө төр тэдгээр сургууль, цэцэрлэгүүдэд суралцагсдын урсгал зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж өгдөг.

Тэгэхээр, төр хувийн хэвшилтэй хамтарч, ачаагаа үүрүүлж байгаа бол зардал хариуцах ёстой, энэ бол хууль. Харин хэмжээ нь ямар байсан бэ гэдэгт асуудал байж болох юм.

Хувьсах зардал нь,

  • Багшийн цалин
  • Сургалтын хэрэглэгдэхүүн
  • Цахим хэрэглээ
  • Багшийн тасралтгүй хөгжил
  • Тоног төхөөрөмж
  • Хүүхэд хамгаалал
  • Эрүүл мэндийг дэмжих зардал гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй.

2024 оноос өмнө ЕБС-ийн нэг хүүхдэд ногдох урсгал зардал 940,000 орчим мянган төгрөг, цэцэрлэгийнх 1,020,000 төгрөг байсан бол 2024 онд 2.2 сая, 2.475 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн.  

Үүнээс хойш урсгал зардал нэмэгдүүлсэн баримт олдсонгүй. Тэгвэл Боловсролын яамнаас УИХ-ын Өргөдлийн Байнгын хороонд очиж, тэндээсээ задарсан гэх /ЕС эксел файл, Боловсролын сайд “Судалгаа байсан” гэж буй/ баримтад нэг хүүхдийн хувьсах зардлыг 5.5 сая орчим төгрөгөөр тооцсон байгаа.

Салбарын сайд нь ганц урсгал зардалд зориулагдахгүй гэж хэлсэн, энэ ч тодорхой. Гэхдээ л улсын сургуулийн жишгээр явах ёстой. Учир нь, урсгал зардлын хэмжээ хувийн сургуульд ч, улсын сургуульд ч адилхан байх нь улсын сургууль цаашид баригдана гэсэн баталгаа юм.

Хэрвээ хувийн сургуульд төлбөртэй сургуулийн хэмжээний өндөр  урсгал зардлыг өгөөд байвал хотхон бүр хувийн сургуультай болж, төр цаашид сургууль, цэцэрлэг барихгүй, хувийн хэвшилд хариуцуулна гэдэг гаж жишиг рүү явна.

Л.Энх-Амгалан сайд хэвлэлд яг иймэрхүү утгатай, хувийн сургуульд ацаглах нь зардал хэмнэж байна гэдэг зүйл ярьсан учраас энд зориуд оруулж байгаа юм. Төр цаашдаа хотхон болгоныг сургууль, цэцэрлэгтэй байхыг шаардаж байгаа ч тэр нь улсын сургууль, улсын цэцэрлэг байна гэсэн хатуу шаардлага байхгүй, тэгж шаардах боломж ч байхгүй. Энэ бол эрсдэл.

Цаашид хувийн сургуулийн оролцоог тасралтгүй багасгах нь Засгийн газрын үүрэг. Эс бөгөөс хувийн сургууль, цэцэрлэг нь төрийн ачааг үүрэлцэж байгаа баатар биш, ёстой жинхэнэ мөнгө саагч болж хувирна. Боловсролын салбар, түүнтэй хамт хүүхдийн эрх барьцаалагдана гэсэн үг. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна