Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль угтсан эрх баригч нам доторх сунгаа ширүүн өрнөж байна. Нэгнийгээ харлуулах, зохион байгуулалттай гүтгэх явдал бүр хавтгайрсан. Энэ нь судалгаагаар намуудын рейтинг тааруу гарч, улс төрийн нам гэхээсээ хүнийг нь харж сонголтоо хийх прогноз гарсантай холбоотой аж. МАН хэд хэдэн судалгааны байгууллагаар судалгаа хийлгүүлж, дундын хувилбар сонгохоор төлөвлөсөн гэх мэдээлэл бий. Үүнийг хүлээж тэсэлгүй, Тэрийн Тэргүүнд нэр дэвших санаатай 70-аад оны “ах” нар өөрсдөө судалгаа хийлгүүлж эхэлсэн байна. Бүр дотоодын судалгааны компаниудад итгэхгүй солонгосчуудаар рейтингээ тогтоолгуулахаар үнэ цохиж, мөнгө хаяж судалгаа хийлгүүлж байгаа аж.
Энэ сунгаанаас сугарч гарч чадсан нь Ерөнхийлөгчийн дэмжлэг авна гэх бат итгэлтэй байгаа учир хөл нь хөнгөрч, хаазаа тултал гишгэн нэр дэвших магадлалтай горилогчдыг нэгнийгээ олон нийтийн сүлжээгээр “намнах” ажиллагаа идэвхтэй өрнөж байна.
Нэгэнт тоглоомын дүрэм тодорхой хэр нь нөгөө талд тодорхой бус яаж ч өөрчлөгдөж мэдэх эгзэгтэй энэ үед МАН, АН-аас ямар кандидат нэр дэвшихээр горилж буйг бид цувралаар хүргэж байгаа билээ.
Эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга С.Бямбацогт, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд асан Б.Жавхлан, Ерөнхий сайд асан Г.Занданшатар нар ил, далдаар горилж буй. Цол дагаж бяр гэдэг шиг энэ удаа горилогчид дотроос хамгийн том албан тушаал хашиж буй С.Бямбацогт ямар яриа хэлцэл, маргаан мэтгэлцээн өрнүүлж буйг тоймлоё.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өчигдөр “Ардын намын хоёр хуваагдсан бүлгийн хоорондын зодоон Засгийн газар дахь кабинет Ерөнхий сайд болон сайд хоорондын толхилцооноос давсан тогтолцооны авлига болон хямрал нүүрлэчихлээ. УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдуудад загнуулдаг хүмүүс биш. УИХ-ын дарга С.Бямбацогт хэлж, анхааруулмаар байна. Намынхаа том фракцыг хараад "гүлдийгээд" сууж байж болохгүй" гэсэн.
Энэ тохиолдолд Х.Тэмүүжингийн зөв. Хууль тогтоох үүрэгтэй, парламентын дархлааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж ажиллах ёстой С.Бямбацогт спикерын ажлаа туйлын хангалтгүй хийж байна. МАН-ын 68-ын бүлэг хоёр талцаад удаж буйг хэн хүнгүй мэддэг болсон. Үүнийг эвлэрүүлэх, дундын хувилбар нь С.Бямбацогт хэмээн УИХ-ын даргаар томилсон ч энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа нь улс төрд болж буй үйл явцуудаас тодорхой харагдаж байна. Бүлэг, Байнгын хороо, чуулган ирц хүрэхгүй байх хэвийн үзэгдэл болов. Намаар дамжуулж төрийн эрх барьж буй ч төрийнхөө дээр гарч сууж болохгүй. УИХ бол ард түмний төлөөлөл. Энэ ард түмний төлөөллийг эвтэй оюутай байлгаж, зангидах хүн нь УИХ-ын дарга С.Бямбацогт.
Гэсэн нь түүний нүд, чихэнд ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өөр дүрх төрх харагдахаа байсан бололтой. Өнгөрсөн зун МАН-ынхан хэсэг гишүүд Хөвсгөлд амарсан. Энэ амралт, уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх очсон байдаг. Энэ үеэр С.Бямбацогт, Сангийн сайд асан Б.Жавхлангийн хамт халамцуу бүлэмцүү орж Ерөнхийлөгчид “Судалгаагаар миний рейтинг хамгийн өндөр байна. Би нэр дэвшье” гэх байр суурь илэрхийлсэн ч “Ийм зүйлийг амралтын цагаар ярьдаггүй юм. Гарцгаа” хэмээн “хөөгдөн” өрөөнөөс нь гарчээ. Маргааш нь ганцаараа орсон ч мөн л загнуулаад гарч.
Тэрбээр ам өчгөөсөө буцжээ. УИХ-ын дарга болчихвол Ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татна хэмээн амлалт өгч байж энэ суудалд суусан ч хэдхэн сарын дараа бяр амтагдаж, үзээд алдая гэж шийджээ. Учир нь, түүний ард Ховд фракц, "Таван богд" групп байгаа гэх мэдээлэл эх сурвалж хэлж байна. Хэд хэдэн удаагийн уулзалтаар “Ховдоос Ерөнхийлөгчтэй болцгооё” гэх яриа ч болжээ.
Бизнесийн салбараас улс төрд орж ирсэн түүний намтар тийм ч тунгалаг биш. Мөн л ЖДҮХС-гаас болон олон салбарт хөнгөлөлттэй зээл авсан, баруун бүсийн хамаг тендерүүдийг хамаарал бүхий компаниараа дамжуулж хамдаг гэгддэг. Очсон албан тушаал бүртээ хүмүүсээ байршуулж, төрийн албанд халаа сэлгээг хайр найргүй хийдгээрээ зартай. Цаана нь хүмүүсийн амьдрал ахуй байгааг үл тоон өөрийн хүмүүсээ байршуулдаг нь УИХ-ын дарга С.Бямбацогтын шинэ имиж, шинэ дүр төрх.
Батлан хамгаалахын, Зам тээврийн сайд, ЗГХЭГ-ын дарга, одоо хууль тогтоох байгууллагын дарга гээд төрд хашиж болох бүхий л өндөр албан тушаалыг хашсан ч Ерөнхийлөгчийн сэнтий рүү горилж, зүтгэж эхэлсэн нь намынхныгаа уур ундуйцлыг төрүүлээд амжжээ. 2008 оноос хойш УИХ-д нэр дэвшиж, тав дахь парламентад түшээгээр сонгогдсон ч хийж бүтээсэн гавьяагүй. Хувийн болоод хувьсгалын ажилд тал алддаггүй гавьяаг сонгогчид нь биш ойр тойрныхон нь хүртэж яваа гэхэд хилсэдсэн болохгүй.
Эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдыг эхнээс нь бичихэд ийм байна.
Үргэлжлэл бий.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.186.137
Улстөр халсан энэ цаг үед УИХ-ын дарга төвийг сахих ёстой доо. Бямбацогт харин ч энэ хэдийгээ эвлүүлээд хурал хуйгаа хийж л бн. Ноднин өдийд УИХ-ын дарга, дэд даргатайгаа нийлж Үндсэн хууль зөрчөөд,парламентаа тараачих шахсан санагдаж бн. Хууль зөрчихгүй, хурлаа зөв удирддаг дарга байхад л хаваасаг. ккк. УИХ, ЗГ нь , МАН дотроо хуваагдчаад хэрүүл зодоон хийж байгаа энэ цаг үед УИХ-ын дарга нь ядаж төвийг сахих нь зөв байх...Одоо цагт туршлага, ноён нуруу л ярихгүй бол буруу зөв авч давхиад энэ төр чинь сүйд хийх нь байна..ккк
Хариулах