Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна

Х.Есү
1 цаг 22 минутын өмнө

Улсын Ургацын штабаас ургац хураалтын явцын мэдээг гаргалаа. Монгол Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгдсэн.

Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан юм.

Улсын хэмжээнд 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 24.6 мянган га-г ангилан хадаж, 85.3 мянган га-гаас 138.3 мянган тонн үр тариа, 6.7 мянган га-гаас 81.8 мянган тонн төмс, 5.5 мянган га-гаас 79.4 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 17.6 мянган га-аас 54.1 мянган тонн, тосны ургамал 3.7 мянган га-аас 3.1 мянган тонн тус тус ургац хураан аваад байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн ургац хураалт 33.3 мянган га-аар буюу 45.7 хувиар, төмснийх 3.2 мянган га-аар буюу 48.5 хувиар, хүнсний ногооных 1.4 мянган га-аар буюу 25.5 хувиар, таримал тэжээлийнх 16.4 мянган га-аар буюу 92.9 хувиар илүү, харин тосны ургамлын ургац хураалт 5.1 мянган га-аар бага байна.

Ургац хураалтыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломжтой 

Ургац хураалтад нийтдээ 951 комбайн, 609 ширхэг жатка, 230 үтрэмд 1058 ширхэг үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, 453 ширхэг төмс, хүнсний ногоо хураах тоног төхөөрөмж ажиллаж байна. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломжтой. Ургац хураалтыг эрчимжүүлэх чиглэлээр техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариаланчдад хүргэх, төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангах ажлын хүрээнд орон тооны бус Улсын ургацын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, комиссын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан даалгавар гаргаж үүрэг, чиглэл өгч ажиллаж байна.

Ургац хураалтад нэмэлтээр нийт 26.000 хүн оролцож байна 

Засгийн газрын 2026 оны 286 дугаар тогтоолын дагуу ургацад ажиллах хүн хүчний захиалга судалгааг авч хэрэгжилтийг зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар их, дээд сургуулиас 800 оюутан, Дотоод хэргийн их сургуулиас 545 сонсогч, Хил хамгаалах байгууллагаас 62 цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 159, Зэвсэгт хүчний жанжин штабын 16 анги нэгтгэлээс 1293 цэрэг, үндэсний батлан хамгаалах их сургуулиас 630 сонсогч, байнгын 21500, түр ажилчид 393, нийтдээ 26000 хүн ургац хураалтад оролцож байна.

350 тонн дизель түлш нөөцлөв

Ургац хураалтын шатахууны нөөц бүрдүүлэх хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд 2300 тонн дизель түлшний нөөц бүрдүүлэхээр гэрээ байгуулж өнөөдрийн байдлаар 350 тонн татан авч нөөцөлсөн. Мөн 1000 тонн дизель түлшийг 4960 төгрөгөөр нийлүүлэхээр шатахуун импортлогч 1 аж ахуй нэгжтэй дамжуулан зээлдүүлэх гэрээ хийгдэж үр тариа, төмс, хүнсний ногооны 83 тариаланчдад 130 тонн түлшийг олгоод байна. 

Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай, 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна