Т.Аубакир: Микрофон харахаараа "попорч" байгаа нь ажил хийж байна гэсэн үг биш

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 55 минутын өмнө

УИХ-ын гишүүн Т.Аубакираас нийгмийн халамж, тэтгэмжийн талаар тодрууллаа.

Тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн халамжийн тэтгэмж авдаг. Мөн байнгын асаргаа шаардлагатай 16 нас хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа тэтгэмж гээд бид хайхрамжгүй хандсан зүйл огт байхгүй. Иргэдэд УИХ-аас санаатай, санаандгүйгээр ташаа мэдээллүүд өгөөд байна.

2027 оны улсын төсөвт нийт халамжийн сангаа 20 хувиар нэмэгдүүлж байгаа. Иргэд болон зарим улстөрчид халамж хавтгайрлаа гэж ярьж байна. Ж.Баясгалан гишүүний оруулж ирж байгаа зарим санал үнэхээр хавтгайруулж байгаа. Ингэхээр хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй болж эхэлнэ гэсэн үг.

2027 оны улсын төсөвт зарим төрлийн халамжуудыг нэмэлтээр оруулж өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд очиж байгаа нийгмийн халамж 470 мянган төгрөг нь 2027 онд 525800, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа асаргааны тэтгэмж 484 мянгаас 532400 төгрөг болно.

Халамж шаардлагатай, хэрэгцээтэй байгаа хүндээ хүрэх ёстой. Нөгөө талдаа нийгэмд улсын төсвөөс халамжид зарцуулж байгаа төсвийн зардлын 30 хувийг амьдралын боломжтой атал ямар нэгэн байдлаар халамж авах гэсэн хүмүүс эзэлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мөнгийг авахын тулд зориудаар үйлдэл хийж байгаа тохиолдлууд илэрч байна. Үүнийг манай яам судалж үзээд бодлогодоо тусган ажиллаж байна. Тийм учраас Ж.Баясгалан гишүүний гаргаж байгаа бодлогууд зарим талдаа халамжийг хавтгайруулж байна.

Монголын төр хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ харж хандахгүй, хайхрамжгүй хандсан зүйл байхгүй. Дөрвөн жилийн өмнө 80 орчим тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжид зарцуулдаг байсан бол одоо 600 тэрбум болсон.

Ийм учраас бид Халамжийн тухай хууль өргөн барьсан. Энэ хуулиараа иргэн хэдэн хувь хөдөлмөрийн чадвараа алдсан гэдгийг тогтоодог ICF үнэлгээг нэвтрүүлнэ. Ингэхгүй бол цоо эрүүл шахуу, 10 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан хүн 90 хувиа алдсан иргэтэй адилхан тэтгэмж авах ёсгүй шүү дээ.

Улсын төсөв хэлэлцэж байгаа тодотголын үеэр зарим боломжгүй зардлыг оруулан ирж зохиомлоор халамжийг хавтгайруулж байна гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсөвт санал өгөх эрхтэй. Үүнийг санал хураагаад шийднэ. Яамны зүгээс Халамжийн тухай хуулийг өргөн барьсан. Одоо цэгцлэх асуудлыг хэлэлцээд явж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны мөнгө юмны үнэ өсчихсөн байгаа учраас юу ч авч хүрдэггүй. Энэ мөнгийг бодитоор тооцож өгөөч гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчид жагсаж байсан. Ж.Баясгалан гишүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэд жагсахад салбарын сайд нь гарч ирдэггүй, хоёр хөгжлийн бэрхшээлтэй гишүүн л гарч уулздаг гэсэн. Энэ асуудал дээр гурван хүн дуугарах ёстойгоос нэг нь огт таг гэсэн зүйлийг ярьсан. Энэ тал дээр?

-Дуугарна гэдгийг яаж ойлгох ёстой вэ. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уулзалт болж байна. Манай яам аймаг бүрт цогц үйлчилгээ үзүүлж байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд зарим үйлчилгээндээ харьцангуй ойрхон байдаг.

Хөдөө орон нутаг, алслагдсан сумуудад байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байгаа шүү дээ. Энэ болгонд хүрч ажиллахын тулд бүх аймгаар очиж байна.

Бид баруун аймгуудаа дуусгасан. Хангайн бүсээс Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий, Дорнод аймагт очиж ажилласан. Яагаад жагсаж байгаа иргэдтэй уулзахгүй байна гэж хэлснийг ойлгохгүй байна. Миний үндсэн ажлын нэг нь яам дээрээ байхдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч, уулзах юм.

Зурагт, телевиз харахаараа чанга дуугарч байгаа нь ажил хийж байгаа мэт л байна. Нөгөө талдаа халамжийн хуулиа боловсруулах тал дээр нэр бүхий гишүүд саналаа ч өгөөгүй байгаа. Микрофон харахаараа сүртэй зүйл ярьж байгаа нь ажил хийж байгаа гэсэн үг биш шүү дээ. 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмжийг авахын тулд зориуд үйлдэл гаргаж байна гэдэг нь юу гэсэн үг вэ. Хүүхдээ албаар хөгжлийн бэрхшээлтэй болгож байна гэсэн үг үү?

-Тийм тохиолдлууд бүртгэгдсэн. Насны доройтолд орсон хүнд асаргаа шаардлагатай гэсэн тодорхойлолт гаргуулаад 530 гаруй мянган төгрөг авдаг. Гэтэл нөгөө хүн нь асаргаа шаардлагатай хүн биш болж таардаг.

Ээждээ халамж авна, би асарч байгаа гээд өөртөө тэтгэмж авна. Бидний өргөн барьсан халамжийн хуулиар яг хэрэгцээ шаардлагатай хүнийг тодорхойлох комисс байгуулахаар тусгасан байгаа. Тухайн иргэнд үнэхээр асаргаа шаардлагатай юу, хажууд нь заавал хүн байх хэрэгтэй юу гэдгийг тодорхойлж байж тэтгэмж өгдөг механизм руу орох хэрэгтэй.

Улсын татвар төлөгчдийн мөнгө оновчтой байх ёстой. Бид хуулиа өргөн барьчихсан. Улсын төсвийн хэлэлцээр дууссаны дараа Халамжийн хууль руугаа орох гэж байгаа.

-Байнгын хорооны хурал дээр халамж хавтгайрах гээд байгаа учраас таны хувьд эсрэг санал өгсөн гэсэн үг үү?

-Тийм, халамж хавтгайрвал хөдөлмөр эрхлэх хүн байхгүй болно гэж хүн болгон л ярьж байна. Үүнийг Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам л цэгцлэх ёстой шүү дээ" гэлээ.


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна