Оросын нууцлаг хотууд

Х.Батсайхан
1 цаг 36 минутын өмнө

Энгийн иргэд огт мэддэггүй, тэр ч бүү хэл газрын зураг дээр тэмдэглэгдээгүй хот дэлхий дээр өч төчнөөнөөрөө бий. Ийм статустай хотуудын ихэнх нь тухайн улсынхаа Батлан хамгаалах яаманд харьяалалтай, улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл явуулж байдаг.

Энгийн иргэд огт мэддэггүй, тэр ч бүү хэл газрын зураг дээр тэмдэглэгдээгүй хот дэлхий дээр өч төчнөөнөөрөө бий. Ийм статустай хотуудын ихэнх нь тухайн улсынхаа Батлан хамгаалах яаманд харьяалалтай, улс орны аюулгүй байдалтай  холбоотой чухал судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл явуулж байдаг. Хаалттай хотод зөвхөн тусгай зочин л маш өндөр хяналт шалгалтын дор нэвтрэх эрхтэй. Өдгөө ОХУ-ын 144 сая хүнээс нэг сая гаруй нь ийм "төмөр цагариг"-ны дотор амьдарч байгаа гэсэн баримт ч бий. Эдгээр хотуудаас эхний ээлжинд ОХУ-ынхыг танилцуулахаар бэлтгэлээ.

ОХУ-д Хаалттай нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн тухай хуулийг 2006 онд албан ёсоор шинэчлэн баталснаас хойш 44 хотыг дээрх статуст багтаажээ. Эдгээр хот Батлан хамгаалах яам, “Росатом”, “Роскосмос”-ын мэдэлд байдаг аж. Энэ хотуудад нэвтрэх хамгийн амархан арга нь эхнэр, эсвэл нөхөр нь хаалттай хотод амьдардаг байх явдал аж. Эхнэр, нөхөр, хамаатан садан нь хаалттай хотод амьдардаг бол танд нэвтрэх зөвшөөрөл амархан олдоно. Гэхдээ өөр арга ч бий. Тойрч явж байгаад ямар нэг аргаар хотод нэвтэрч орж болно. Харин баригдах юм бол хуулийн дагуу торгууль хүлээж, албадан гаргадаг бай­на. Гадаадын хүн бол тагнуулын хэрэгт ч сэжиглэгдэх магадлалтай. Гэхдээ аялал жуулчлалын компаниуд тусгай маршрутын дагуу үзэж сонирхох зөвшөөрөл хүсээд үзэхэд юу нь буруутах билээ.

Манай улсын иргэд хойд хөршид визгүй зорчдог. Өнгөрсөн онд л гэхэд 870 гаруй мянган иргэн Хиагт боомтоор нэвтэрсэн гэсэн тооцоо бий. Гэхдээ ихэнх нь Итгэлт хамба, Байгаль нуураас цааш хэтэрдэггүй. Тэгвэл доор танилцуулах мэдээллийг авснаар аяллынхаа төлөвлөгөөнд нууцлаг хотуудыг багтаах ч юм бил үү.

Железногорск  (Красноярск-26, Соцгород, Атомград), Красноярскийн хязгаар

Хаалттай болгосон шалтгаан: Цөмийн зэвсгийн түүхий эд болдог Плутоний 239-ийг гаргаж авдаг уул-химийн үйлдвэр, акаде­мич М.Ф.Решетневын нэрэмжит “Мэдээллийн хиймэл дагуулын систем” ХНН байрладаг учир хаалт­тай хотын тоонд оржээ. Хойд хөршийн хөөргөдөг хиймэл дагуу­луудыг энд бүтээдэг.  Железно­горскийг анх төлөв­лөх­дөө бай­галийн унаган төрхийг хадгалж үлдэхийг хичээсэн нь харагддаг. Нөгөө талаар, энд явуулж буй плу­тонийн үйлдвэр­лэл байгаль орчинд хэрхэн нөлөө­лөхийг мэдрэх амьд мэдрэгчийн үүрэг гүйцэтгүүлэх гэсэн ч байж магад­гүй, ямартай ч хот бүхэлдээ ой дотор байрладаг. Цөмийн дайн дэгдсэн тохиол­долд оршин суугчдыг хоргодуулах, нүүл­гэн шилжүүлэх хонгилуудыг газар доогуур байгуулсан гэх бө­гөөд зарим нь уул химийн үйлд­вэрээс шууд Енисей мөрний нөгөө эрэгт гарахаар тийм урт гэнэ. Хачирхалтай нь, уг хотын хамгийн том зоогийн газар болох “Бали”-г хятад хүмүүс ажиллуулдаг юм байна. Яагаад ийм эрх ямба эдлэх болсныг хэн ч мэддэггүй ажээ.

Яаж очих вэ: Красноярскаас автомашин, автобусаар

Зеленогорск  (Заозерный-13, Красноярск-45), Красноярскийн хязгаар

Хаалттай болгосон шалтгаан: Кан голын эрэг, Усть Барга хэмээх жижиг суурингийн хажууд шахам байрлах энэ хотод “Электро химийн үйлдвэр” хувьцаат ний­гэмлэг уран баяжуулах үйл ажиллагаа явуулдаг байна.

Түүнээс гадна “Витязь” нэртэй цэргийн сургууль бий. Энд хөвгүүд төдийгүй охид ч байдаг бөгөөд өндөр ачаалал, нарийн дэглэмийн дор цэргийн эрдэмд боловсорч байдаг ажээ.

Хотын иргэдийн очих дуртай газар нь Кан голын эрэг, “Город” буюу “Хот” нэртэй шөнийн клуб аж. Красноярскаас 150 км яваад хүрэх энэ хотод ойр хавийн тосгоны иргэд соёлын хэрэгцээгээ хангах зорилгоор ирэх нь олон гэнэ.

Хотод “Космос” нэртэй ганц зочид буудал байдаг учраас очсон хүн хамгийн түрүүнд өрөөгөө захиалахгүй бол гудманд хонох нигууртай гэж очиж үзсэн хүмүүс нь анхааруулж байна. Хоол ундны хувьд “Лакомка” гэдэг нэртэй кафед ихэвчлэн ордог байна.

Яаж очих вэ: Красноярскаас өдөр бүр автобус явдаг.

Знаменск  (Капустин Яр-1), Астрахань муж

Хаалттай болгосон шалтгаан: Уг хот нь Оростоо томд орох “Капустин Яр” хэмээх цэргийн баазын оршин суугчдын хэсэг нь юм. Капустин Яр бол 1946 онд байгуулагдсан, Зөвлөлтийн анхны баллистик пуужингуудыг туршсан түүхт газар.

Хотын төв гудамжинд нь “Сансар судлалын эцэг” гэгддэг нэрт эрдэмтэн Сергей Королевын хөшөөнөөс гадна ЗХУ, ОХУ-ын зэвсэглэлд байсан пуужингууд, радарын тоног төхөөрөмжийг байр­луулсан байдаг тул дунд сургуулийн сурагчид аяллаар ирэхдээ тун дуртай байдаг гэнэ. Хотын анхны дарга нь хошууч генерал Василий Вознюк гэдэг хүн байсан бөгөөд иргэд нь одоо ч их хүндэтгэдэг гэнэ. Хотын хаа сайгүй энэ хүний зургийг өлгөсөн байдаг гэх.

Знаменск бол пуужингуудыг “эх барьсан” гэдгээсээ гадна сансарт анхлан ниссэн нохдыг бэлтгэж байсан гэдгээрээ хүн төрөлхтний түүхэнд үлдсэн. Белка, Стрелка, Дезик, Цыган гээд хожим алдар нэр нь дэлхийд түгсэн нохдыг энд бэлтгэжээ.

Яаж очих вэ: Волгоградаас “Капустин Яр” өртөө рүү өдөр бүр автобус, электричк явдаг.

Лесной (Свердловск-45), Свердловск муж

Хаалттай болгосон шалтгаан: Ураны изотоп үйлдвэрлэж, цөмийн зэвсгийн материалыг да­хин боловсруулдаг “Электро­химприбор” компани үйл ажил­лагаа явуулдаг. Хотын гол хэсэг нь үндсэндээ үйлдвэрт ажил­лаж байсан хоригдлуудын орон сууц­наас бүрдэнэ. ЗХУ-ын үед Леснойд ГУЛАГ-аас 20 мянга гаруй хоригд­лыг аваачин ажиллуулж бай­сан гэдэг. Энэ утгаараа Лесной бол цөмийн хордлогод өртсөн маш олон хүний амийг авсан газар юм. Хоригдлуудыг тэсэлгээ, цацраг идэвхит бодистой шууд харьцах гэх мэт хамгийн хортой нөхцөлд ажилуулдаг учир олноороо амиа алддаг, цогцсыг нь “Ахан дүүсийн” гэж нэрлэсэн оршуулгын газар булж орхидог байжээ.

Лесной бол Оросын бусад хаалттай хотуудын шинж төрхийг хамгийн төгс хадгалсан хот гэж тооцогддог. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хотын гудамжны нэршил хүртэл өөрчлөгддөг бол хаалттай хотуудад цаг хугацаа зогсчихсон гэлтэй. 1950-иад оны гурван давхар барилгуудтай, өргөн цэлгэр гудамж, Гагарины нэрэмжит талбай, Лениний хөшөө гээд л.

Яаж очих вэ: Екатеринбургаас автобусаар очно

Мирный, Архангельск муж

Хаалттай болгосон шалтгаан: Мирный бол “Плесецк” Сансрын нисэх буудлын захиргаа, ажилчдын хотхон юм. Хаант Оросын үед Цагаан далайг чиглэсэн “Төрийн зам” гэж байж. Суут эрдэмтэн Ю.Ломоносов чухамхүү энэ замаар Москва руу явдаг  байсан гэсэн домогтой ажээ. Мирный хот яг энэ зам дээр баригдсан юм. Одоо л “Байконур”, “Канавералын хошуу”, “Куру” гэдэг болсноос биш, социализм мандан бадарч байх үед Плесецк дэлхийн хамгийн том, алдартай сансрын нисэх буудал байж, олон хөлгийг эх дэлхийгээсээ үдэж байжээ.

Дэлхийн хамгийн анхны хиймэл дагуул болох “Космос 1000”-ыг яг дуурайлган хийсэн модель хотын гудамжинд бий. 1989 онд хөөргөсөн “Космос 2000” ч байгаа. Ерөнхийдөө энэ хотод очсон хүн сансар судлалын салбарын хөгжилтэй бүрэн танил­цаад гарах боломжтой. Даанч Мирный руу зөвхөн нууцаар л орж болно. Ингэхдээ нутгийн иргэдтэй адил харагдахыг хичээхгүй бол эргүүлд баригдах аюултай гэнэ.

Яаж очих вэ: Архангельскаас Плесецк рүү галт тэргээр очоод, тэндээсээ чиглэлийн таксигаар Мирный руу очих боломжтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна