Төмөр таслагч ашиглахдаа оч үсэргэн түймэр гаргасан иргэнд 2 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

Х.Есү
1 цаг 18 минутын өмнө

Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйл “Ой хээрийн түймэр тавих”-д заасан 7 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Эдгээр хэргүүд ойн сан бүхий газар нутагтай Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, тал хээрийн бүс болох Дорнод аймгийн нутаг дэвсгэрт гарсан байна.

Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдээс тоймлон хүргэвэл :

Дорнод аймгийн прокурорын газраас:

- З.М  нь 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэр “Сангийн далай” гэх байгалийн өвс ихтэй газраар явахдаа тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас хялбар шатах өвс, ургамал яндангийн халалтад асаж, хээрийн түймэр гарч, 23,093 га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 76.1 сая төгрөгийн шууд хохирол, уг түймрийг унтраахад 2.8 сая төгрөгийн зардал буюу шууд бус хохирол, мөн нэр бүхий иргэний эд хөрөнгөнд 57.8 сая төгрөгийн хохирол, нийт 136.8 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол, мөн нэр бүхий иргэний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарсан)-т зааснаар) яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд З.М-г “гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол, мөн бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүний гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан, байгаль орчинд учруулсан хохиролд 76.1 сая төгрөгийг 7.6 сая төгрөгийг болгон бууруулж гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэх, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 60.7 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.  

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас:

- Ц.Э нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр “Дунддаваа” гэх газарт гэрийнхээ гадна ил хог хаягдал шатаасны улмаас ой хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 5,316.64 га (ой, бэлчээр, тариалангийн талбай) талбай галд өртөж, байгаль орчинд 8.6 тэрбум төгрөгийн хохирол, нэр бүхий 13 иргэн, 2 хуулийн этгээдийн эд хөрөнгө галд өртөж, нийт 139.8 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ц.Э-г “гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч, бусдад хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирол төлөгдсөнд тооцож шийдвэрлэсэн.

- Б.Т нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг "Хоёр даваа" гэх газарт төмөр таслагч ашиглаж байхдаа оч үсэргэсний улмаас ой хээрийн түймэр гарч, тус аймгийн Зүүнбүрэн, Хушаат сумын нутаг дэвсгэрийг хамарсан 4,128.43 га талбайд ой, хээрийн түймэрт өртөж байгаль орчинд 2.2 тэрбум төгрөгийн хохирол, нэр бүхий 8 иргэний эд хөрөнгө галд өртөж, нийт 90.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Т-г “гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч, бусдад хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт  хохирол төлөгдсөнд тооцож шийдвэрлэсэн.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Ойн тухай хуульд зааснаар ”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хамааруулдаг.

Намрын хуурайшилтын үед иргэдийн болгоомжгүй үйлдлийн улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгддэг.  

Тиймээс иргэд ой, хээрийн бүсэд тээврийн хэрэгсэлтэй зорчихдоо аюулгүй байдлыг сайтар нягтлах, утааны янданг оч баригчтай болгох, ил задгай гал түлэхгүй байх, түлсэн гал асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж хэвшсэнээр түймрээс сэргийлнэ.

Иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, байгалиа хамгаалахыг уриалж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна