Зургаан жил гадаадад ажиллаж аавыгаа баярлуулахаар хаус захиалаад залилуулчихлаа

Т.Отгонсувд
2 цаг 10 минутын өмнө

БНСУ-д зургаан жил гаруй ажиллаж, гэр бүлдээ зориулан хуримтлуулсан мөнгөөрөө аавдаа байр бэлэглэхээр төлөвлөсөн Нямдулам “Грийн хоум” төслийн захиалгын төлбөрт нийт 51 сая төгрөг төлжээ. Гэвч амласан хугацаандаа байр ашиглалтад ороогүй тул гэрээгээ цуцалж, мөнгөө буцаан авах хүсэлт гаргасан ч өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй, холбогдох байгууллагуудын хооронд гомдол нь шилжсээр байгааг тэрбээр ярьж байна.

Ү.Нямдулам БНСУ-д зургаан жил гаруй ажиллаж байгаад 2025 оны арванхоёрдугаар сард эх орондоо иржээ. Тэр хугацаанд хүүхдээ аавдаа үлдээн, гэр бүлээсээ хол амьдарч, Монголд эргэн ирэх зорилгынхоо төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөсөн байна.

Тэрбээр “Би айлын бага охин. Аав маань дөрөв, таван хүүхдээ ганцаараа өсгөсөн мундаг хүн. Тийм болохоор аавыгаа баярлуулж, сайхан амьдруулах юм сан гэж боддог байсан. Солонгост ажиллаж байх хугацаандаа аавдаа юу бэлэглэх вэ, яаж баярласнаа илэрхийлэх вэ гэж их бодсон.

Тэгээд 2025 оны зургадугаар сард ‘Грийн хоум’ төслөөс байр захиалсан юм. Урьдчилгаа төлбөрөө өгөөд, үлдэгдлийг нь сар бүр төлөх нөхцөлтэй байсан. Би гэрийнхэндээ хэлэлгүй, аавдаа гэнэтийн бэлэг барих гэж байсан болохоор байр захиалснаа хэнд ч хэлээгүй.

Аавыгаа ийм сайхан газар амьдруулна, жаргах цаг нь болсон доо гэж бодоод л их баярлаж байсан. 

Би 2025 оны арванхоёрдугаар сард Монголдоо ирсэн. Ирэхийнхээ өмнө компанийнхан холбоо барихаа больж, цахим хуудсууд нь ч идэвхгүй болсон байсан. Гэхдээ шууд л муугаар бодоогүй. Монголд ирээд уулзаад, асуудлаа шийдчихнэ гэж найдаж байлаа.

Ирээд захиралтай нь уулзахад түр хойшилсон, өвөл болчихсон учраас хавраас асуудалгүй ашиглалтад орно гэж хэлсэн. Би ч Монголд зарим ажил хугацаанаасаа хоцордог гэж бодоод хүлээсэн.

Гэтэл хавар болоход байдал огт өөрчлөгдөөгүй. Тэгээд дахин захиралтай нь ярьж, гэрээнд заасан хугацаа, нөхцөлөөс хэтэрсэн учраас өгсөн мөнгөө буцааж авъя гэж хүссэн. 

Энэ байр  зөвхөн үл хөдлөх хөрөнгө худалдан авах зорилго байгаагүй. Харин олон жил гэр бүлээсээ хол ажилласны эцэст аавдаа барих гэсэн хамгийн том бэлэг байсан. 

Гэвч эх орондоо ирэхэд аавдаа бэлэглэхээр төлөвлөсөн байр ч үгүй, төлсөн мөнгөө ч буцаан авч чадахгүй нөхцөл үүссэн байна. 

 “Грийн хоум” төслийн захиалгын төлбөрт нийт 51 сая төгрөг төлсөн.  Гэрээний нөхцөл, амласан хугацааны талаар тохиролцож чадаагүй тул мөнгөө буцаан авах хүсэлт тавьсан.

Гэвч компанийн борлуулалтын менежер надтай холбогдож, төлсөн мөнгөн дүнд нь дүйцүүлэн бетон зуурмаг өгөх санал тавьсан.

Би анх байр захиалахдаа аавдаа сайхан байр, бүр хаус бэлэглэнэ гэж мөрөөдөж байсан хүн. Гэтэл одоо надад бетон зуурмаг өгч болох уу гэж ярьж байна. Би тэр шороогоор чинь юу хийх юм бэ? Би бетон зуурмаг авах гэж 51 сая төгрөг төлөөгүй шүү дээ.

Тиймээс тэр саналыг нь хүлээн зөвшөөрөөгүй. Захиралд нь ч ойрын хугацаанд хариу өгөхгүй бол хуулийн дагуу холбогдох газруудад хандана гэдгээ хэлсэн.

Гэтэл борлуулалтын менежер нь намайг хуулийн байгууллагад хандвал компанийн ажил хойшилж, мөнгө орж ирэхгүй болохоор төлбөрөө буцааж авч чадахгүй байж магадгүй гэсэн утгатай зүйл ярьсан. Би бүр барьцаалж байгаа юм уу гэж гайхсан. Өөрийнхөө мөнгийг буцааж авахын тулд хуулийн дагуу хандахаар мөнгөө авч чадахгүй гэсэн үг үү?

 “Бизнес кластер” компанийн “Грийн хоум” төслийн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би гэрээгээ байгуулсан, мөнгөө шилжүүлсэн баримттай. Гэрээний нөхцөл, хугацаа, компанитай хийсэн харилцаатай холбоотой бүх зүйл надад байгаа. Тийм байхад гомдол маань яагаад шийдэгдэхгүй, нэг байгууллагаас нөгөөд шилжээд байгааг ойлгохгүй байна.

Би хууль зөрчиж, хэн нэгнээс мөнгө нэхээгүй. Өөрийнхөө мөнгийг л буцааж авъя гэж байгаа. Миний гомдлыг хүлээж авсан бол шалгаж, үнэн зөвийг нь тогтоогоод, боломжтой бол шуурхай шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна.

Олон нийтийн сүлжээгээр төслийг сурталчилж байсан олны танил хөтлөгчид хүртэл холбогдож үзсэн ч компанийн захирлын утасны дугаараас өөр тодорхой мэдээлэл авч чадаагүй.

БНСУ-д ажиллаж, амьдарч байхдаа Монголын радио, нэвтрүүлгүүдийг сонсдог байсан бөгөөд төслийн талаар олон нийтэд хүргэсэн сурталчилгааг нь үзээд итгэл төрсөн.

Олны танил хүн сурталчилж байгаа болохоор ийм төсөлд итгэж болно гэж бодсон. Гэхдээ тухайн хүн төслийн бодит нөхцөл байдлыг хэр мэдэж байсан, ямар хариуцлага хүлээх ёстойг би мэдэхгүй. Миний хувьд итгэл төрсөн учраас л захиалга өгсөн.

Гадаадад ажиллаж байгаа хүмүүсийг харахаар сайхан амьдарч байгаа юм шиг санагдаж болох юм. Гэхдээ ард нь ямар их хөдөлмөр, ямар их хичээл зүтгэл байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Бидний хэн нь ч гэр бүлээ орхиод дуртайдаа гадагшаа явдаггүй. Хүүхдээ, аав ээжээ орхиод явах амаргүй. Би ч гэсэн хүүхдээ нэг өдөр ч гэсэн эрт тэврэх юм сан, зорилгодоо нэг өдөр ч гэсэн эрт хүрэх юм сан гэж бодож ажилладаг байсан.

Нэг өдөр илүү ажиллаад, таван төгрөг ч гэсэн илүү олж, эх орондоо нэг өдрийн өмнө харих юм сан гэж бодно. Монгол хоолоо хийж зараад, үндсэн ажлаа хийгээд л хичээдэг байсан. Тэр бүхний ард ямар их хөдөлмөр байдгийг би мэднэ.

Тиймээс 51 сая төгрөг миний хувьд зүгээр нэг тоо биш. Би тэр мөнгийг амархан олоогүй. Хүүхдийнхээ хажууд байх хугацаанаасаа, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх өдрүүдээсээ хойш тавьж байж хуримтлуулсан мөнгө.

Би мөнгөө алдсан байж магадгүй гэсэн мэдрэмж авахад үнэхээр муухай байсан. Солонгост айлын шал шүүрдэж, өдөр шөнөгүй ажиллаж байгаад олсон мөнгө маань юу ч үгүй болчихсон юм шиг санагдсан.

Би өөрөө л бүхнийг болгох ёстой гэж боддог хүн. Гэтэл одоо өөрийнхөө мөнгийг авахын тулд хаана хандахаа ч мэдэхгүй, байгууллага хооронд явж байна. Энэ үнэхээр хэцүү юм.

Би аавдаа байр бэлэглэхээр төсөөлж, баярлаж байсан. Гэтэл одоо байр ч үгүй, мөнгө ч үгүй үлдчихлээ.

Тухайн компанийн захирал надаас нэг их ах хүн биш байх. Залуу хүн байж хөдөлмөрлөж, мөнгөө олоод амьдрах бүрэн боломжтой. Ухаантай, сэргэлэн байж болно. Гэхдээ ард нь олон хүний амьдрал байгааг бодоосой гэж хүсэж байна.

Нэг хүний ард хэчнээн их хөдөлмөр, хэчнээн олон хүний амьдрал байдаг билээ. Тэр хүмүүс мөнгөө илүүдсэндээ өгдөггүй. Өөрсдийнхөө хэрэгцээнээс хасаж, гэр бүлдээ зориулах гэж хуримтлуулсан мөнгөө өгдөг.

Тиймээс би зүгээр л өөрийнхөө юмыг өөрөө хэрэглэ, хүний юмыг хүнд нь буцааж өг гэж хэлмээр байна.

Монголд байр захиалаад мөнгөө өгсөн хүмүүс хохирсон тухай яриа их сонсогдох боллоо. Ийм асуудлыг тухай бүрд нь хууль ёсны дагуу шуурхай шалгаж, шийдвэрлэдэг байвал бусдыг хохироох эрсдэлийг бууруулахад чухал нөлөөтэй гэж бодож байна.

Хэрэв нэг хүнийг хохироосон асуудлыг эхнээс нь хуулийн дагуу шалгаж, хариуцлагыг нь тогтоодог бол дараагийн хүмүүсийг хохироохоос сэргийлж болно. Ядаж эхний тохиолдлоос нь таслан зогсоох хэрэгтэй шүү дээ” хэмээн тэрбээр хэллээ.

Нямдуламын хувьд өнөөдөр хамгийн чухал нь өөрийн хөдөлмөрөөр олсон 51 сая төгрөгөө буцаан авах, гомдлынхоо шийдвэрлэлтийн талаар тодорхой мэдээлэлтэй болох явдал юм.

Тэрбээр цагдаагийн байгууллагаас гомдлыг нь шуурхай шалгаж, гэрээ болон төлбөрийн баримтуудыг үндэслэн бодит нөхцөл байдлыг тогтоож, хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.

“Би хэн нэгнээс илүү зүйл нэхээгүй. Өөрийнхөө өгсөн мөнгийг л авъя гэж байгаа юм. Би тэр мөнгийг хичээж, зүтгэж олсон. Тиймээс шударгаар шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна” гэв.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.137
    37 минутын өмнө

    Анхнаас нь иймэрхүү найдваргүй компаниудыг таслан зогсоох хэрэгтэй. Хүний мөнгийг буцааж өг өө

    Хариулах