БНХАУ-ын Худалдааны яам "Хятадын худалдааны нууцыг хамгаалах тусгай журам" (Special Provisions on Protecting China's Trade Secrets / 保护中国商业秘密特别规定)-ын төслийг өчигдөр олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ.
Энэхүү шинэ зохицуулалт нь дотоодын зах зээлээс илүүтэй гадаадын компаниуд болон иргэдийн зүгээс Хятадын худалдаа, технологийн нууцыг зөрчихөөс хамгаалах, шаардлагатай бол хориг арга хэмжээ авах зорилготой олон улсын худалдаанпаа ашиглах шинэ зэвсэг гэж шинжээчид үзэж байна.
Шинэ журмын хамрах хүрээ, үр дагавар хүртэгсэд:
Зорилтот бүлэг: Гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд чиглэсэн. Хэрэв гадаадын этгээд Хятадын компанийн худалдааны (коммерцийн) нууцыг хууль бусаар ашиглаж, улмаар БНХАУ-ын үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхолд бодит аюул занал учруулсан гэж үзвэл хуулийн хариуцлага тооцно.
Худалдааны нууцад юу хамаарах вэ: Өндөр технологи, хиймэл оюун ухаан (AI), хагас дамжуулагч, цахилгаан автомашин (EV), литийн батерейны үйлдвэрлэл болон газрын ховор элементийн боловсруулалт зэрэг Хятад улсын давуу тал бүхий салбаруудын алгоритм, технологийн мэдээлэл, техникийн параметрүүд, бизнесийн харилцагчдын жагсаалт багтана.
Зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээ (Хориг): Журмыг зөрчсөн гадаадын этгээдэд дараах санкцыг тус тус оногдуулахаар тусгажээ. Үүнд :
БНХАУ-д шинээр хөрөнгө оруулалт хийхийг хязгаарлах эсвэл бүрэн хориглох.
-БНХАУ-тай холбоотой бараа бүтээгдэхүүн, техник технологи, үйлчилгээний импорт, экспортыг хаах.
-БНХАУ руу нэвтрэх визийг цуцлах, оршин суух эрхийг хязгаарлах.
-Мөнгөн торгууль ногдуулах.
Журам нь одоогоор төслийн шатанд (Draft for Comment) байгаа бөгөөд Хятадын Худалдааны яамнаас ирэх сарын 24-ний өдөр хүртэл олон нийт, бизнес эрхлэгчдээс албан ёсны санал хүсэлт авч байна. Үүний дараа эцсийн хувилбар батлагдаж, мөрдөгдөж эхлэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна