Өнгөрсөн зууны эхэн үеийн Монгол оронд тохиосон эмгэнэлт түүхийн талаар Монголын үндэсний их сургуулийн багш О.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр багш, газарзүйч мэргэжилтэй хэдий ч өнгөрсөн түүхийнхээ бүдэгхэн хуудсыг тодруулж, тогтоохыг эрмэлзэж явдаг манай тэргүүний сэхээтнүүдийн нэг юм.
-Саяхан Богд хааны ордон музейд нээлтээ хийсэн үзэсгэлэнгийн үеэр таны хэлсэн үг олны анхаарлыг татлаа. Өөрөөр хэлбэл, та Шанзав Бадамдоржийн талаар өмнө нь дуулж байгаагүй сонин үг, дүгнэлтийг хэлж байгаа харагдсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Тийм ээ. Шанзав Бадамдорж гэгч түүхэн зүтгэлтний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг их сонирхол татдаг. Үүнийг тайлбарлахын тулд Шанзав Бадамдорж нь Богд хаанд хэр ойр дотно байснаас өгүүлэх хэрэгтэй болно. Тэрбээр Богд хаанд найман настай балчраас нь Монгол хэл бичиг зааж, Монголд элэгтэй нэгэн болох эхлэлийг тавьсан гэж үзэж болохоор байгаа юм.
Гэгээнтэнтэй хүүхэд ахуй цагаас нь цаг ямагт ойр дотно байж, амьдралын бүхий л тохиолдолд нь хамгийн түрүүнд зөвлөгөө заавар өгч, үзэл бодол, ертөнцийг үзэх үзлийг тогтоход нөлөөлсөн хамгийн ойрын хүн нь юм. Ингэж үзэж болохоор байдаг.
-Түүхэнд тэмдэглэж үлдсэн гэж үү?
-Богд гэгээнтэй уулзаж учирч байсан гадаадын олон хүн Бадамдоржийн нөмөр нөөлгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Хамгийн гол нь, хаантан маань түүний үгийг ихэд ойшоож хүлээн авдаг байж л дээ. Бадамдорж бүүр 1898 онд Цэрэн-Очир зайсангийн хамтаар Санкт-Петербург одож, Монголыг тусгаар тогтнуулах асуудлаар хандсан байдаг.
Харин оросууд “Цаг нь болж, нөхцөл нь бүрдээгүй байна" гэсэн хариу барьсан юм билээ. 1890-ээд оноос 1918 он хүртэлх түүхэн цаг үеийг тодотгогч дипломатууд Шанзавыг онцлон заасан байдаг нь үүнийг гэрчилнэ.
-Тухайлбал, гэрчлэх ямар баримт үлдсэн байдаг юм бэ?
-Үүний тод баримт бол Сандо амбан Монголд ирээд “Хамгийн түрүүнд зайлуулбал зохих этгээд бол Шанзав хэмээгч Бадамдорж" гэж улмаар Нийслэл хүрээнд дэгдсэн лам нарын зодооныг Шанзав удирдсан хэмээн хэлсэн байдаг. Үнэхээр ч Бадамдорж тухайн зодоонд оролцсон лам нарыг хамгаалж хаацайлсан байдаг.
-Түүхээс харж байх нь ээ, 1919 онд Богд хаантан болон Шанзав Бадамдорж нарыг баривчлан Бээжинд хүргүүлэх гэж оролдсон байдаг. Хэрэв энэ нь бүтсэн бол маш аюултай нөхцөл байдал үүсч, тэд хэн хэн нь Дундад иргэн улсад дагаар орох бичигт мутрын үсгээ зурах байсан нь тодорхой байсан гэх юм билээ?
-Хятадын цэргийн эрхтнүүд заналхийллээ улам сүр хүчтэй болгохын тулд түүнийг байрнаас нь Богд хаантны ордон хүртэл гурван километр орчим зам дагуу Хятад цэргээ жагсаан сүрийг үзүүлсэн.
Тэр үед Шанзавынх гандан дээр байж. Дээр нь аюул заналхийллээ улам чангатгаж, Богдын ордон руу буудсан сумных нь ором нүхнүүд одоо ч хадгалагдан үлдсэн байдаг шүү дээ.
Хэрэв Шүй Шү жан нар Богд хаантныг Бээжинд хүргүүлсэн бол мутрын үсгийг нь “салгаж” дөнгөх байсан байж мэдэх юм. Харин тухайн бичигт Богд хаан гарын үсгээ зураагүйгээрээ энэ нь олон улсын хүчинтэй баримт бичиг болох үндэсгүй болгосон байдаг.
Улмаар “өчүүхэн амжилтдаа бахардсан” Шүй Шү Жан 1919 ондоо “дагаар орсон” бүх ноёдын цалин пүнлүүг нэмсэн байдаг. Энэ нь Дундад улсад дагаар орох бичигт гарын үсгээ зурсан нэр бүхий 16 сайд, дэд сайд нараас гадна шүү дээ. Тэгэхэд зөвхөн Шанзав Бадамдорж, Гонгор тайж /Амар сайд/, сартуул сэцэн ван Жалдангомбосэдэн нарын дөрөвхөн л зүтгэлтэн үүнийг зөвшөөрөөгүй байдаг.
-Тэдний эсэргүүцэх болсон шалтгаан нь юу юм бэ?
-Өөрөөр хэлбэл дээрх ноёд Ж.Нерүгийн “хүчирхийлэгчидтэй ямар ч хэлбэрээр хамтран ажиллахгүй” гэсэн зарчмыг баримталсан хэрэг. Улмаар 1924 онд БНМАУ-ыг байгуулж, шинэ Үндсэн хуулийг баталсны дараа Хятадад ихээхэн нүргээнтэй явдал болж, түүхийн энэ “алдааны” гэм буруутнуудыг олж тогтоох аян өрнөсөн гэж үзэж болно. Ингээд Шүй Шү Жан, Го Си Лин, Чэнь И нар дээр тогтсон байдаг.
Харин Чэнь И бүх бурууг цэргийн эрхтнүүд рүүгээ чихэн тохоож, өөрөө цэвэрхэн мултарсан байдаг. Тухайлбал “Хүчин төгөлдөр бус бичиг баримт хүргүүлсэн” гэх зэргээр нөгөө хэдийгээ буруутгасан. Го Си Линийг ямагт “элдэв юмнаас цэвэрхэн мултардаг хэмээн буруутгаж цаазаар авч, толгойг нь олонд жигшил болгон өлгөсөн гэдэг.
Харин “жижиг” хочит Шүй Шү Жаныг 1925 онд генерал Фей Ю Сень цаазлан хороосон түүхтэй. Шүй нь хэрхэвч бага жижиг этгээд байгаагүй бөгөөд ах нь БНХАУ-ын Ерөнхийлөгч, харин Ерөнхий сайд нь Шүйгийн ангийнх нь найз, нэг гудамд өссөн хүүхдүүд байсан гэдэг.
-Жижиг Шүйгийн талаар өөр ямар мэдээлэл байдаг вэ?
-Жижиг Шүй нь Хятаддаа цэргийн сургууль дүүргэж, улмаар Японд Явган цэргийн жанжин штабын академи дүүргэсэн, Японы талыг баримтлагчаараа нэрд гарсан. Цэргийн яамны хамгийн чухал итгэл найдвар болсон зүтгэлтэн төдийгүй тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж явсан этгээд шүү дээ.
Шүй нь Батлан хамгаалахын дэд сайд бөгөөд Хятадад хаант засаглалыг тогтоох гэсэн монархистуудын бослогыг нам дарснаараа ихээхэн алдаршсан жанжин байсан гэдэг. Тэрбээр Хятадын нийт газар нутгийн талаас илүү хувийг эзлэх баруун ба хойд Хятадын цэргийн тойргийн командлагч байсан. Энэ нь Ганьсу, Төвд, Шинжаан-Уйгар, Хөх нуур зэрэг стратегийн маш чухал бүс нутаг юм.
Шүй нь Японоос 300 саяын зээл авч /америк доллар уу мексик доллар уу/, Белги, Герман, Японоос хамгийн сүүлийн үеийн зэр зэвсэг авч, түүгээр зэвсэглэсэн 19,500 цэрэг, 500 офицероо тэргүүлэн Монголд орж ирсэн байдаг.
-Ихэнхийг нь нийслэлд суулгасан гэдэг үнэн үү?
-Тийм ээ, 12,500 нь Нийслэл хүрээнд суулгасан нь тэр үеийн Хүрээний насанд хүрсэн хүмүүсийн тоотой дүйж байгаа хэрэг юм. Хүрээнд 50 мянган хүн амьдарч байсны ихэнх нь хятадууд байсан. Мөн Чойрт 5,000, Хиагтад “нэмж 800 цэрэг илгээсэн” байдаг. Түүний команд дор гурван генерал, 30 гаруй хурандаа захирагдаж байсан гэдэг.
Түүнчлэн Сайр усанд байсан 1,000 цэргийнхээ 500 нь Дайчин бээсийн хошуу руу Амар /Гонгор тайж/ тайжийг баривчлуулахаар илгээсэн ч Амар сайд Цонхлон уулнаа гарч нуугдсанаар баривчлагдаагүй түүхтэй юм гэдэг.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна