Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно

2017/01/19

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг сайд Н.Номтойбаярт даалгав.

Хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох эрхтэй. Хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой.

Хүүхдийн мөнгийг банкинд хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүрийн 20-ны өдрөөс хойш олгохоор журамд заасан байна. Бүтэн өнчин, эцэг, эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар хүүхдийн нэр дээр данс нээж банкинд хадгалуулна.

Харин ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бол нэр дээр нь данс нээж банкинд хадгалуулахаар болжээ. Гадаад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгож байхаар журамд тусгасан байна.

2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу  1-17 дугаар бүлгийн нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үлдсэн 40 хувьд ногдох хүүхдийн мөнгийг бэлэн бусаар хуримтлуулж 2019 оноос нөхөж олгох юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна