Л.Гансүх тэрбум гаруй төгрөгийн хохирол барагдуулжээ

11 цаг 45 минутын өмнө
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан  Л.Гансүх өдгөө хорих ангид ял эдэлж буй. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутган ялласан юм. Тэрбээр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан хорих ангиас захидал илгээж, хуулийн дагуу ажиллахгүй, магадланд оруулахгүй байвал өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм.

Тэгвэл  дээрх асуудлаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж  "Магадлангаар суллагдах хугацаа нь 2016 оны 11 дүгээр сард болсон. Суллагдахад гурван шаардлага тавьдаг юм. Хорих ялынхаа тодорхой хувийг эдэлсэн, хохирлоо төлсөн, засарч хүмүүжсэн байх. Тэрийг хорих ангийн дарга нь тодорхойлдог юм. Нэгдүгээрт, сахилгад орж байгаагүй, зөрчил гаргаагүй байх шаардлагатай. Хорих ангийн дарга нь бичиг хийгээд, засрал хүмүүжлийг нь тодорхойлно. Гансүх гуай хохирлоо барагдуулаад дууссан. Ер нь хилс хэргийн хохирол барагдуулж дууссан шүү дээ. Өөрөөр хэлбэл, гэрээнд огт байхгүй үнийн зөрүү гэдэг зүйлээр тэрбум гаруй төгрөгийн хохирол шүүхээс тогтоогоод, амьдралынхаа турш цуглуулсан байшин барилгаа барьцаанд тавьж, найз нөхдөөсөө зээл авах байдлаар төлөөд дууссан" гэжээ.


Монгол Улсад ял эдэлж буй бүх хоригдол магадланд орох эрхтэй. Хорих ангиас магадланд орох шаардлага хангасан хүмүүсийг энэ хүн хорих ялаа эдлээд, хугацааны өмнө тэнсэн суллагдах болзол хангасан байна гээд хорих ангиас нь тодорхойлж явуулдаг аж.  Ингээд прокурорын байгууллага шүүх рүү оруулж, шүүхээс  суллах шийдвэрийг гаргадаг юм байна.  Гэтэл прокурорын байгууллага шүүх рүү явуулахгүйгээр хоёр удаа хэргийг нь буцаажээ. Буцаасан үндэслэл нь  "Бид таныг заавал гаргах албагүй, энэ удаа гаргамааргүй байна" гэх утгатай байсан  талаар өмгөөлөгч Ц.Баасандорж ярьж байна. 

Л.Гансүхийн хувьд өмнө нь 14 хоног өлсгөлөн зарласан, бөөр нь муудсан, хуруугаа тайруулсан гээд  биеийн байдал нь хүнд байгаа аж. Хэдийгээр өөрийнх нь эрүүл мэндийн байдал муу байгаа ч хорт хавдрын 4-р шатанд орсон  эхнэртээ   санаа зовж, магадланд оруулж өгөхийг хүсч байгаа  аж. 





 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна