Засгийн газрын өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компаниудын ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгосон. Мөн цаашид тус компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэхийг Засгийн газрын хэрэг эрхлэхийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Засгийн газрын энэхүү хууль бус шийдвэрийн дагуу өнгөрсөн баасан гарагт нууцаар хуралдаж “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросветмет” компаниуд дахь тус компанийн өмчлөлийн 49 хувийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлэх, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, улмаар ажлын бус цагаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулахыг оролдсон байна.
Өөрөөр хэлбэл ажлын бус цагаар хуралдаж, компанийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт шахалт үзүүлснээс гадна хэд, хэдэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн талаар "Монголын зэс корпораци" мэдээллээ. Тухайлбал Иргэний хуулийн 34-р зүйлийн 34.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.2.2 дахь заалт, Компанийн тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.7 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Мөн энэ нь Монгол Улсад хувийн өмчийн хуулиар хамгаалсан халдашгүй байдал алдагдаж байгааг нотолсон ноцтой үр дагаврын эхлэл тавигдлаа гэж мэдэгдэлдээ онцолжээ. "Төр өөрөө компанийн сайн засаглалын орчин нөхцөлийг бүрдүүлэгч, өөрийн эзэмшигч компанийн хувьд манлайлан хэрэгжүүлэгч байх ёстой. Гэтэл "Эрдэнэт үйлдвэр"-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх Засгийн газрын шийдвэр нь компанийн засаглалын үндсэн зарчмууд болох ил тод байх, шударга байх зарчимд нийцээгүй" гэж Компанийн засаглалын хөгжлийн төв мэдэгдлээ.
Тиймээс хувьцаа эзэмшигчдийн хооронд гарсан аливаа маргаантай асуудлыг зохистой шийдэх арга механизмуудыг идэвхтэй хайх, шүүхээр шийдвэрлүүлэх боломжийг ашиглахыг "Эрдэнэт үйлдвэр"-ийн нийт хувьцаа эзэмшигчдэд уриалсан байна. Ардчилсан, эрх зүйт төрийн тогтолцоотой нийгэмд Засгийн газар, түүний хэрэгжүүлэгч агентлагийн энэхүү удаа дараагийн хууль бус үйлдэл нь байж боломгүй үйлдэл гэж "Монголын зэс корпораци" үзэж байна. Тиймээс төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хувьцааны өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авч гаргасан бүх шийдвэр нь хүчин төгөлдөр бус бөгөөд үүнээс үүсэх аливаа хохирлыг тухайн гаргасан албан тушаалтан бүрэн хариуцна гэжээ.
Э.Сугар
Сэтгэгдэл бичигдээгүй байна