Засгийн газар өнгөрөгч долоо хоногт Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет компанийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх чиглэл өгснөөс хойш улстөрийн хүрээнд бужигнаан үүсээд байна. Энэхүү шийдвэр гарсны дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороо, 49 хувийн хувьцааг төрийн өмчит бүртгэж авчээ. Харин дээрх үйлдлийг “Монгол зэс” корпорацийн зүгээс хуульд нийцэхгүй хэмээн мэдэгдээд байгаа юм. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн хүмүүсийг сольж, МАН-ын угшилтай хүмүүсээр дүүргэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. .
Тухайлбал өнгөрсөн баасан гаригт л гэхэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооноос “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өөс “Монголын зэс” компанийн төлөөлөл болох Б.Мөнхбаатар, Да.Ганболд, Б.Орхон нарыг чөлөөлж, ТУЗ-ийн даргаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, гишүүдээр Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга Д.Даваадорж нарыг томилсон.
Эрдэнэт хотод болсон өчигдрийн хуралдаанаар гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэн болон ТУЗ-ийн гишүүдийн цалингийн хэмжээ ямар байхыг хэлэлцсэн гэнэ. Мөн Ерөнхий захирлын санал болгосноор баталдаг бүтцийн өөрчлөлтийн асуудал, “Эрдэнэт” үйлдвэрийн дэд захирлуудын албан тушаалыг үйлдвэрийн захирлын орлогч болгож, зарим хүмүүсийг чөлөөлж, томилсон байна. Тухайлбал Үйлдвэрийн Ерөнхий захирлын үйлдвэрийн асуудал эрхэлсэн орлогчоор Д.Эрдэнэцогт, Хөгжил, эх барилгын асуудал хариуцсан орлогчоор П.Батболор, Эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар Ц.Батсайханыг тус тус нэр дэвшүүлжээ.
Засгийн газар “Монголын зэс” компанийн 49 хувийг шилжүүлэх асуудал дуусаагүй байгаа тул “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогчоор Б.Шинэбаатарыг түр орлон гүйцэтгэгчээр үлдээсэн байна. Тэд 49 хувийг төр 100 хувь авсан гэх лүндэн буулгаж дээрх томилгоонуудыг яаран сандран хийжээ. Бүр цалин урамшууллын асуудлаа хүртэл яриад амжиж.
Харин Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж буй "Монголын зэс" корпорацийн зүгээс “Аливаа компанийн хувьцаа гэрээ хэлцлийн хүрээнд шилжих учиртай. Өнөөдрийн байдлаар манай компани 49 хувийг албан ёсоор эзэмшиж байгаа. УИХ-аас гарсан тогтоол дээр Монголын зэс компанийг хувьцаа эзэмшигч гэдгийг хүлээн зөвшөөрөөд хэлцэл хийх чиглэл өгсөн. Хэлцэл гэдэг нь хоёр тал харилцан зөвшөөрч сайн дураар оролцохыг хэлдэг. Иргэний хуульд “Төр иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно” гэж заасан. Гэтэл Төрийн өмчийн хороо давуу байдлыг ашиглаж хүч түрж байгаа нь зохимжгүй. Төрийн өмчийг авах асуудал нь тусдаа хууль эрхзүйн зохицуулалттай. Манай дээр үүссэн асуудал бол хууль бус” гэх тайлбарыг өгөөд байгаа юм.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна