Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр чуулганы хуралдаанд Монгол Улсын Засгийн газар, олон улсын банк, санхүүгийн хамтын ажиллагааны талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ.
Түүний мэдээлэлд "Энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр эргэн төлөх хуваарьтай байсан Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банкны 580.0 сая ам.долларын бондын 475.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээг Засгийн газрын шинэ бондоор шууд солих, мөн 124.0 сая ам.доллартай тэнцэх Засгийн газрын шинэ бонд арилжаалан эргэн төлөлтийн асуудлыг бүрэн шийдвэрлэхэд ОУВС-тай уг хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохирсон нь гол түлхэц боллоо.
Олон улсын санхүүгийн зах зээлд энэхүү бондын арилжааг зарлахад нийт 3.3 тэрбум ам.долларын буюу 27 дахин их дүнтэй санал ирж, улмаар долоон жилийн хугацаатай, жилийн 8.75 хувийн хүүтэйгээр борлуулж чадсанаар Монгол Улс олон улсын зах зээл дэх байр сууриа хадгалж чадсан. Энэ нь цаашид Монгол Улс руу чиглэх гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн сектор гадаад зах зээлээс санхүүжилт татах, хөрөнгө босгох зэрэгт эерэг нөлөөг үзүүлнэ.
Дэлхийн банк, АХБ зэрэг олон улсын санхүүгийн байгууллага, Япон Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс зэрэг хоёр талт түншлэгч орнуудтай хамтран томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр үүсэх нөлөөллийг салбар тус бүрээр удаа дараа хэлэлцсэний үндсэн дээр эдийн засгийн бодит өсөлтийг 2018 онд 1.8 хувь, 2019 онд 8.1 хувь, 2020 онд 5.3 хувь байхаар тооцоолоод байна. Мөн хэрэглээний үнийн индексийн өсөлт 2017 онд 5.1 хувь, 2018 онд 4.5 хувь, 2019 онд 6.9 хувь, 2020 онд 6.5 хувь байхаар бодлогын арга хэмжээнд тооцсон.
Төсвийн бодлогын хүрээнд төсвийн тодотгол хийх, алдагдлыг багасгах арга хэмжээг хөтөлбөрийн туршид хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох эрх зүйн зохицуулалтыг сайжруулах тодорхой арга хэмжээг хэрэгжүүлнэ. Дунд хугацаанд зорилтот түвшинд хүрэхийн тулд орлогын удирдлагыг сайжруулах, хялбаршуулсан татварын тогтолцоог дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүнчлэн төсвийн зарлагыг хязгаарлах зарчим баримталж, үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах шаардлагатай.
Үүний үр дүнд төсвийн алдагдлыг үе шаттай бууруулж, урт хугацаатай, хүү багатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн санхүүжилтийг түлхүү ашиглах замаар өрийн тогтвортой байдлыг хангах зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн төсвийн иж бүрэн байдлыг хангах үүднээс Хөгжлийн банкны зарцуулалт, Ипотекийн зээлийн хүрээнд гарах зарцуулалтыг төсөвт нэгтгэх зэрэг асуудлын талаар тайлбарлах аж.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна