Эрнест Хемингуэйн хайрын захидлыг дуудлага худалдаанд оруулна

2017/04/19
Суут зохиолч Эрнест Хемингуэй жүжигчин Марлен Дитрихэд хайр сэтгэлээ илэрхийлэн бичиж байсан захидлыг дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Захидлын анхны үнийг 30 мянган доллар гэж тогтоосон ба 5 дугаар сарын 4-нд Нью-Йоркийн "Swann" дуудлага худалдааны галарейд үнэ хаялцуулан худалдах ажээ. Хемингуэй уг захидлыг Куба улсаас 1952 оны 8 дугаар сард Дитрихэд илгээж байжээ. Үүнээс нэг жилийн өмнө Дитрих Хемингуэйн гэрэл зургийг орны толгойдоо хадгалдаг тухайгаа ярьж байсан юм.
Хемингуэй, Дитрих хоёр анх 1934 онд танилцсанаасаа хойш байнга захидлаар харилцдаг байжээ. Гэхдээ тэр хоёр хайр сэтгэлийн харилцаанд орж байгаагүй юм. Хемингуэй захидалдаа үүнийг тайлбарлахдаа "бид хоёр нэгэн зэрэг хайртай болоогүй байсан" гэжээ.

Гэсэн хэдий ч тэрбээр Дитрихэд хайртай гэдгээ нэг бус удаа илэрхийлж байжээ. Тухайлбал, Хемингуэй бичихдээ “Би чамд үргэлж хайртай гэдгийг бүү мартаарай. Заримдаа би өөрийн зүрхээ цохилж байгааг мартдаг шиг чамайг бас мартдаг. Гэхдээ миний зүрх ямагт цохилдог” гэжээ.

Уг захидлын дор “Чин хайрт, мистер Аав” гэж бичээд гарын үсгээ зуржээ.

Холливүүдийн од, Нобелийн шагналтан хоёрын захидлууд архивт болон тэр хоёрын үр ач нарт зарим нь хадгалагдаж байдаг аж. Дитрихийн ач нар сүүлийн хэдэн жилд алдарт зохиолчийн илгээж байсан захидлуудыг дуудлага худалдаанд оруулж байгаа юм.
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна