Ангела Меркель Их Британчуудад хатуу анхааруулга өгөв

2017/04/28
Европын холбооны тусгай дээд уулзалт 29-нд болох гэж байгаатай холбогдуулан Их Британи улс Европын холбооноос гарах талаарх асуудлыг авч хэлэлцэх аж. Харин уг асуудалд Германы канцлер Ангела Меркел сөрөг байр суурьтай байгаа юм. Тэрээр өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Их Британий төрийн удирдлагуудад хандан хатуу сануулга өгсөн байна.

Ангела Меркел уг хэлэлцээнд хатуу шугам тогтоож, "Их Британи улс Европын холбооноос гарсан тохиодолд гишүүн бус орны тоонд орох ба Европын холбооны гишүүн орнуудтай тэгш эрх эдлэхгүй, ялангуяа холбооноос илүү эрх мэдэл эзэлж, дангаар ноёрхоно гэж хэзээ ч байхгүй. Тиймээс хоосон горьдлого тээх хэрэггүй" гэв.

Мөн тэрээр Германы Бундестагт хандан Засгийн газрын бодлогыг тайлагнахдаа "29-нд болох тусгай дээд уулзалтын үеэр Европын холбооны 27 гишүүн орон Их Британитай хийх дараачийн хэлэлцээний төслийн асуудлаар зөвшилцөх болно. Европын холбооны иргэдийн ашиг сонирхол бол миний бодолцох амин чухал зүйл юм.  Их Британид өнөөг хүртэл оршин амьдарч буй 100 мянга орчим герман иргэний бодит ашиг сонирхолтой холбоотой асуудлыг тодорхой шийдэхийг Германы Засгийн газар шаардаж, үүний тулд баталгаа, төлөвлөлтийн боломж гаргана. Их Британи Европын Холбооноос гарсны дараа, хоёр тал "харилцан итгэлцсэн нягт, сайн харилцаа"-гаа хэвээр хадгалах арга замыг бодолцох хэрэгтэй" гэж онцолжээ.

Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна