​“Ховд дулааны станц” компани байгууллаа

2017/05/03
Дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үүрэг бүхий “Ховд дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт үйлдвэрлэл хөгжиж, хүн амын тоо нэмэгдэн, аж ахуйн нэгж, байгууллага, орон сууц олноор бий болохын хэрээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Иймээс аймгийн төвийн дулаан хангамжид техник технологийн шинэчлэл хийж, мэргэжлийн байгууллагын бодлого, шуурхай удирдлагаар хангахын тулд станцыг байгууллаа.

Манай улсын 2012-2014 оны төсвийн нийт 15,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн төв Жаргалан суманд шинээр 36 Гкал/ц-ийн хүчин чадалтай дулааны станц, дулааны төв шугам, дулаан дамжуулах төвүүд шинээр баригдсан. Мөн хэрэглэгч хүртэлх дулааны салбар шугам сүлжээ шинээр баригдан 2014 онд барилга угсралтын ажил нь дуусч, эрчим хүчээ өгч эхэлсэн юм.

Өмнөх “Ховд аймгийн дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа” төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь аймгийн төвийн төсвийн 21 байгууллага, 60 орчим аж ахуйн нэгж, 1150 гаруй айл өрхийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж байгаа аж. 
 
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замыг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барина

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай Засгийн газрын тогтоолын төслийг шинэчлэн баталлаа.

Хөдөө аж ахуй, зам барилга, эрүүл мэнд, боловсролын салбарын 10 төсөлд хөнгөлөлттэй зээлийг зарцуулна. Энэ удаад “Аймгуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, ядуурлыг бууруулах” төслийн хэмнэгдсэн хөрөнгөөр “Тосонцэнгэл-Улиастай” чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам барих төсөлд ашиглахаар Хятадын талтай тохиролцсоны дагуу Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж шинэчлэн баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна