Рашаан болсон Туулаа аврах ариун үйлс

2017/05/08
Туул голоор овоглон үйл ажиллагаагаа явуулдаг 27 аж ахуйн нэгж байдаг байна. Мөн Монголын арьс ширний холбоонд бүртгэлтэй хэдэн зуун үйлдвэрүүд ч бий. Тэд бохироо шууд л Туулд цутгадаг. Гэсэн ч тэд өнөөг хүртэл Туул голын бохирдлыг арилгах, урсацыг нэмэгдүүлэхийн тулд дорвитой санаачлага гарган ажилласангүй. Энэ нь тэд зөвхөн өөрсдийн ашиг, ажлыг л эрхэм болгодогоос үүдэлтэй.

Мөн Байгаль орчны яам ч өнгөрсөн хугацаанд олигтой ажлууд хийсэнгүй. Хийсэн ч эргийнх нь дагуух хог шороог оюутан залуус, төрийн албан хаагчдаар цэвэрлүүлэхээс хэтрээгүй. Биз засах газар барих тухай ярьснаасаа бол Д.Оюунхорол сайд нэг хэсэг “Жорлон” хэмээн цоллуулж байлаа. Туул гол нь эртний түүхтэй бөгөөд Хэнтийн нурууны салбар уулс, Хагийн хар нуураас эх аван 700 гаруй километр урсан Орхон голд цутгадаг.

Түүний тухай домогт өгүүлснээр бол “Уйлж ирсэн бүсгүй хүнийг инээлгэж буцаадаг, зорьж зүтгэсэн хүн, малын биед рашаан болон шингэдэг эхийн сэтгэлтэй гол учир урсгал нь дөлгөөн байдаг” хэмээсэн байдаг. Гэтэл ийм л домогт гол маань жилийн жилд ширгэж, зарим хавар бүр урсгал нь тасарч, хэн дуртай нь машин техникээ угааж, үйлдвэрүүд элдэв бохирдолоо хараа хяналтгүй цутгасаар байна.

Харин энэ бүгдийг бүхнээс түрүүлэн анзаарч, эх оронч сэтгэл гаргасан хүн бол “Тунамал гэгээ” ТББ-ын тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй аж. Учир нь тэрээр “Хатан Туулын аялгуу” нэртэй тоглолтыг энэ сарын 18-нд "UB Palace"-т зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна. Энэхүү тоглолтын орлогоос тэрээр Туул голын эрэг орчмыг буюу Баянзүрхийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл, мөн Төв аймгийн Алтанбулаг сум орчмын газрыг хашаалахаар болжээ.

Байгаль эх дэлхийтэйгээ зүй бусаар харьцсанаар дэлхийн зарим улс орнууд өдгөө ундны усгүйн зовлонд нэрвэгдээд байгаа. Манай улс ч гэсэн ундны усны нөөц тийм их биш. Нэг сая гаруй хүн амтай нийслэлийн ундны усны хэрэгцээг хангаж буй Хатан Туулаа хайрлан хамгаалах ажлыг жирийн нэгэн монгол иргэн санаачлан хэрэгжүүлж байгаа энэ. Туслан дэмжиж нэгэн сэтгэлээр эх болсон усаа хамгаалах үйлсэд харьяа яам, төрийн байгууллага, жирийн иргэд та бүхэн хамтран ажиллаж чадаж гэмээнэ та бид ирээдүй хойчдоо хэлэх үгтэй, хийсэн ажилтай байх болно.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна