Хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь ихэсч байна

2017/05/09
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 87 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. 

Энэ сарын 06,07-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 623 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 451 дуудлага бүртгэгдсэн байна. Осол, хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 10, мөргөлдсөн 23, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгджээ. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн байна.   

Амралтын өдрүүдэд зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөний 3 нь гэрийнхээ гадаа тоглож байсан байна. Дулааны улирал эхэлж хүүхэд багачууд гадаа тоглох, ролик, скүүтер, унадаг дугуй унахдаа зам дээр болон замын ойролцоо тоглох, мөн жолооч нар орон сууц болон гэр хороолол дундах замд хурдаа тохируулаагүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас бага насны хүүхдүүд осолд өртөж гэмтэж, бэртэж байна.

Бага насны хүүхдүүд нь сониуч зантай бөгөөд хурдан хөдөлгөөнтэй байдаг тул явж буй автомашины урдуур гэнэт гүйж орох нь бий. Иймд эцэг эхчүүд хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах, автомашин ойртон ирж байгаа тохиолдолд хөтлөх буюу тэврэх, мөн аюулгүй газар хүргэх, жолооч нар хороолол дундах замд хурдыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм.  

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна