Милан Кундерагийн зохиолыг анх удаа монгол хэлнээ орчуулжээ

2017/05/09
Орчин цагийн хүүрнэл зохиолын агуу мастеруудын нэг чех гаралт франц зохиолч Милан Кундерагийн хамгийн зартай туурвил "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романыг “Тагтаа” паблишинг зохиогчоос авсан албан ёсны эрхтэйгээр орчуулагч Ж.Тэгшзаяагийн хөрвүүлгээр монгол хэлт уншигчиддаа хүргэхэд бэлэн болоод байна. Энэ бол Милан Кундерагийн зохиолоос анх удаа монгол хэлнээ орчуулагдаж буй онцгой тохиолдол юм. 

Тус номын нээлтийн үеэр Тагтаа Паблишингаас зарласан яруу найраг, өгүүллэг, орчуулгын уралдааны ялагчийг тодруулж, шагнал гардуулах ёслолыг мөн хамтатган зохион байгуулах билээ. Уралдааны яруу найргийн төрөлд шалгарсан шилдэг 11 оролцогч мөн шүлгүүдээ унших болно.

Нээлтийн үеэр "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" романыг хямдралтай үнээр, орчуулагчийн гарын үсэгтэй худалдан авах боломжтойгоос гадна зохиогч Милан Кундерагийн туурвил зүй, намтар, уран бүтээлийн талаар Тагтаа Паблишингаас бэлдсэн илтгэлийг сонсож, орчуулагчтай халуун яриа өрнүүлэх боломжтой.

Хүний мөн чанар, оршихуйн утга учрын тухай гүн ухааны эргэцүүлэл, гаргалгааг орчин цагийн хөнгөн, тогтворгүй амьдралын хэв маяг бүхий дэвсгэр дээр гарамгай уялдуулан сүлдэг бичлэгийн арга барил, егөөдөл, шогийн мэдрэмж, урсгал, яруу хэл найруулга зэргээрээ Милан Кундера дэлхийн утга зохиолын хорхойтнуудын талархлыг хүлээхээс гадна, орчин цагийн хүүрнэл зохиол дахь мастеруудын нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Филип Рот, Салман Рушди, Харуки Мураками, Маргарет Этвүүд дөрөв дээр Милан Кундераг нэмээд утга зохиолын нобелийн шагналын “мөнхийн” 5 нэр дэвшигч гэж цоллох нь ч бий. 

Зуны дулаан өдрүүд айсуй энэ цагт дэлхийн үгийн урлагийн онцгой төлөөлөгчдийн нэг Милан Кундерагийн нэрийн хуудас болсон хамгийн алдартай бүтээл анх удаа монгол уншигчдад хүрч буй онцгой тохиол, үгийн урлагийн залуу идтэнүүдийг шалгаруулах ёслол давхцсан утга зохиолын өрнүүн, халуун дулаан уур амьсгал дунд нэгэн үдшийг Тагтаа Паблишингтай хамт өнгөрүүлцгээе.

Тавдугаар сарын 10-нд буюу ирэх лхагва гарагт 18:30 цагаас “BB Grand Royal lounge”-д энэхүү номын нээлт болох нь ээ. 

С.Начин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна