Венесуэльд эсэргүүцлийн жагсаалын үеэр хүнийг амьдаар нь шатаажээ

2017/05/22
КАРАКАС. /ВВС/. Эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойших 50 дахь өдөр буюу өнгөрсөн бямба гарагт Каракас хотод болсон жагсаалын үеэр засгийн газрыг дэмжигч нэгэн хүнийг амьдаар нь шатаасан гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчний жагсагчдыг буруушаалаа.

Каракаст  "тайван жагсаал”-ын үеэр сөрөг хүчнийхэн амьд хүнийг шатаалаа гэж Н.Мадуро хэлжээ.
Засгийн газрыг дэмжигч Орландо Хосе Фигера-гийн биеийн 80 хувь нь түлэгдсэн байна. Мөн бямба гарагт болсон жагсаалын үеэр түүнийг хутгалсан байсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.



Нүдээр харсан гэрчүүдийн ярьснаар, түүнийг олон хүн “хулгайч” гэж буруушааж байжээ.

Мөн өдөр тус улсын сөрөг хүчний нэгэн хүнийг үл таних этгээдүүд буудан хөнөөжээ. Ингэснээр тус улсад эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш амиа алдсан хүмүүсийн тоо 48 болж нэмэгдлээ.

Эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойших 50 дахь өдөр болж байгаатай холбогдуулан бямба гарагт тус улс даяар жагсаал цуглаан хийжээ. Эсэргүүцлээ илэрхийлэгчид Ерөнхийлөгч Н.Мадурог огцорч, сонгууль хийхийг шаардсаар байгаа юм.
Зураг

Венесуэльд сүүлийн долоон долоо хоног дараалан Н.Мадурогийн эсрэг  жагсаал болж байна.

Саяхан явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, тус улсын 10 хүн тутмын долоо нь Н.Мадурог эсэргүүцэж байна.

Венесуэль нь нефть, газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын тоонд ордог боловч хүнсний бүтээгдэхүүн, эм тариа гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд ороод байгаа билээ.

Тус улсын эдийн засгийн хямрал улам гүнзгийрч, инфляци энэ онд 700 хувьд хүрч, гэмт хэрэг газар авах хандлагатай байна.

Ээлжит бус сонгууль явуулж, сүүлийн жилүүдэд шоронд хоригдсон улстөрчдийг суллахыг тус улсын сөрөг хүчнийхэн шаардаж байна. 1999 оноос хойш Ерөнхийлөгч агсан Уго Чавес болон түүний халааг авсан Н.Мадурогийн социалист засгийн газрууд буруу удирдсанаас болж Венесуэль улс эдийн засгийн хямралд орсон гэж сөрөг хүчнийхэн үзэж байна.

эх сурвалж:Монцамэ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна