Ю.Цэдэнбалыг ЗХУ-аас албадан гаргаж байв

2017/05/30
Соц үед БНМАУ, Буриад АССР хоёр тал бүрийн өргөн хамтын ажиллагаатай, адил төстэй зүйл ихтэй байлаа. Хожим энэ хоёрыг нэгтгэж Зөвлөлтийн республик болгоно гэх явган яриа ч их байж. Манай Ю.Цэдэнбал (1916-1991), Буриадын А.Модогоев (1915-1989) хоёр их найз. 1983 онд Буриад АССР-ийн 60 жилийн ой болоход Ю.Цэдэнбал очно гэж зүтгэж, А.Филатова нар хэрэггүй, нэг сайд явуул гэж байжээ. Ю.Цэдэнбал өөрийнхөөр зүтгэн, А.Филатовагүйгээр очсон байна.Буриадууд ч гадаадын өндөр дээд зочин ирэв гэж хөл алджээ.

Ингээд хоёр дарга их ч хуучилж, наргиж. Ю.Цэдэнбал сүүлийн жилүүдэд Кремльд дуулгавартай байх нь багассан байв. ЗХУ-тай ярьж тохиролгүй хятадуудыг албадан гаргах ажиллагааг шинээр үйлдсэн, гэтэл ЗХУ Хятадтай харилцаа сайжруулах арга сүвэгчлэх болсон байж. “Эрдэнэт” УБК-ийн төслийг зөвлөлтийн мэргэжилтнүүд танилцуулахад шударга бус байна гэж хэлээд, өнцөгт нь “Бид ингэж амьдарч чадахгүй!” гэж оросоор бичин буцааж, ЗХУ нэлээн гайхсан янзтайгаар шинэ хувилбарыг боловсруулж байсан байдаг. Бас коммунист, ажилчны хөдөлгөөний нэгэн удирдагчийн аяг ааш гаргах гэдэг болсон юмсанж. 

Тиймээс Модогоевтой нэлээн зоригтой, чөлөөтэй ярьж байсан гэдэг. ЗХУ хямарч, шүүмжлэл ихсэж, газар авч байсан тул Модогоев ч зоригтой ярьж байж. Гэтэл Москва руу тэднийг панмонголист хандлага гаргасан гэх матаас очсон гэдэг. Ю.Цэдэнбалыг ЗХУ үндсэндээ албадан гаргасан байна. Улаан-Үдэд зөвлөлт төрийн цайллага дээр хүндэт зочны хувьд тухалж байхад нь хоёр булиа хүн сандалтай нь өргөөд л танхимаас гаргаж, яаралтай вагонд суулгаж, Монгол руу буцаажээ. Ингэж албан ёсны айлчлалыг бүдүүлгээр таслан зогсоожээ. Сүүлд нь архи уусан тул гаргасан гэж аян шалтаг заажээ.

Түүнээс хойш хоёр даргын асуудал Кремльд яригдсаар байв. Буриадын 60 жилийн ойн явдал шууд нөлөөлсөн эсэхийг бүү мэд. Ямартай ч хоюуланг нь 84 онд Москва эргэлт зохион байгуулж, хүчээр албан тушаалаас нь буулгажээ.

Ч.Мөнхбаяр
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна