Дональд Трампын "АНУ-ыг нэгдүгээрт тавина" гэсэн бодлого Азид томоохон эрсдэл болоод байна

2017/06/05

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сингапурт болсон Азийн Батлан хамгаалах салбарын сайд нарын 16 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцсэн гол асуудал нь Транс-Номхон далайн хэлэлцээр болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх “Парисын хэлэлцээр”-ээс АНУ-ыг гаргасан Дональд Трампын шийдвэр байсан юм. "АНУ-ын Төрийн тэргүүний энэхүү шийдвэр нь тус улсыг олон улс дахь манлайллаас татгалзаж байгааг илтгэсэн. Үүнд зарим улсууд санаа зовж байгаа" гэж Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл энэхүү форумын үеэр байр сууриа илэрхийллээ.

Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл "Транс-Номхон далайн түншлэлийн хэлэлцээр болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх "Парисын хэлэлцээр"-ээс АНУ гарсан нь тус улсын олон улс дахь тэргүүлэх байр суурийг ганхуулж байна гэж зарим улсууд санаа зовж байгаа. Эдгээр шийдвэрүүд сэтгэл гонсойлгосон боловч бид яаран тус улсад шахалт үзүүлэх шаардлагагүй. Учир нь миний бие АНУ-ын засаг захиргаанд итгэл хүлээлгэж байгаа" гэж мэдэгдлээ.

Харин тус форумыг зохион байгуулсан олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн Ерөнхий захирал Жон Чипмэн "Энэ шийдвэрийг гаргаснаар Дональд Трампын гадаад бодлого, ялангуяа БНАСАУ-ын асуудалд баримтлах бодлого анхаарал татаж байна" гэж мэдэгджээ.

Түүнчлэн ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель “Европын улсууд бусдад итгэл хүлээлгэхээ зогсоох ёстой” гэж онцолсон байна. АНУ-ын Ази, Номхон далайн холбоотон улсууд нь энэ мэтээр тус улсын бүс нутгийн аюулгүй байдлыг батлан хамгаалах найдвартай байдалд нь эргэлзэж байгаагаа ил тод илэрхийлэхгүй байгаа юм. Хэдий тийм боловч Ази, Номхон далайн түншлэгч улсууд үүнтэй санал нэг байж болзошгүй гэж олон улсын улс төр судлаачид үзэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна