ОХУ гадаад улс орнуудын асуудалд оролцохгүй гэв

2017/06/06
 

Катартай зөрчилдөөн үүссэн дөрвөн улс дээр Йемен нэмэгдэж, Персийн булангийн таван улс хөрш Катартай дипломат харилцаагаа таслалаа. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Арабын улс орнуудын дунд үүссэн үл ойлголцлыг шийдвэрлэхийн тулд хичээхээ" мэдэгдлээ. Тэрбээр бүх талуудтай яриа хэлэлцээр хийх хүсэлтэй байгааг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч уламжилсан байна. Харин Катартай дипломат харилцаагаа таслахад хүргэсэн гэгдээд буй Ираны хувьд хавчлагаар ямар ч асуудлыг шийдэхгүй гэж мэдэгдэв.

Мөн "Хөрш орнууд хаашаа ч холдох боломжгүй" гэж Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад-Жавад Зариф онцлон тэмдэглэсэн байна. ОХУ ч мөн асуудлыг зөв тал руугаа шийдэгдээсэй гэж хүсэж байгаагаа мэдэгджээ. Учир нь Арабын улс орнууд терроризмын эсрэг тэмцэхэд хамгийн чухал үүрэгтэй гэж ОХУ үзэж байгаа юм. Хэдий тийм боловч "ОХУ улс орнуудын дотоод асуудалд оролцохгүй" гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Арабын улс орнууд Катартай дипломат харилцаагаа тасалсан нь тэдний хоорондын л асуудал юм. Хэдийгээр биднийг дэлхий ертөнцөд болж буй бүх зүйлийн ард байгаа гэж буруутгадаг ч бид улс орнуудын хоорондын асуудалд хөндлөнгөөс оролцоогүй. Цаашид үл ойлголцол гарах байх. Гэхдээ улс орнууд хоорондоо зөрчилдөхөд бид үүнийг сайнаар хүлээн авахгүй нь мэдээж. Бид бүх л улсуудтай сайн харилцаагаа хадгалахыг хичээдэг. Ялангуяа олон улсад аюул занал учруулаад буй терроризмын эсрэг тэмцэхэд хамтран оролцох орнууд бүр ч чухал юм” хэмээн онцолсон байна.

Саудын Араб тэргүүтэй Египет, Бахрейн, Йемен болон Арабын Нэгдсэн Эмират улс Катартай дипломат харилцаагаа тасалсны дараа "Qatar Airways" авиа компани дээрх таван улс руу хийх нислэгүүдээ тодорхойгүй хугацаанд хойшлууллаа. Ийнхүү нислэгээ цуцалсны улмаас зорчигчдод үүссэн хохирлыг нөхөн төлөхөө "Qatar Airways" компани мэдэгдсэн байна. Мөн Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират болон Бахрейны агаарын тээврийн компаниуд ч Доха руу хийх нислэгээ цуцлаад байгаа төдийгүй агаарын болон усан хилээ хаагаад байгаа юм. Үүнээс гадна Катарын иргэд хоол, хүнс их хэмжээгээр нөөцөлсний улмаас дэлгүүрүүдийн лангуу хоосорсон нь мөн анхаарал татсан явдал болж байна.

Харин хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдлыг харвал Катарын жишиг индекс 7.3 хувиар буурсан нь 2009 оноос хойших хамгийн их хэмжээний уналт болсон байна. Хэдий тийм боловч энэ нь тийм ч том асуудал биш гэдгийн салбарын шинжээчид онцолж байгаа аж. Учир нь Арабын улс орнууд зөрчилдөж энэ нь зах зээлд нөлөө үзүүлж байгаа нь анхны тохиолдол биш юм.

Үүнээс өмнө 2014 оны гуравдугаар сард Саудын Араб болон Арабын бусад хоёр улс Катараас дипломатчидаа татаж, байдал хурцдаж байсан ч долоо хоногийн дараа асуудал шийдэгдэж байжээ. Персийн булангийн улс орнууд хөрш Катарыг терроризмыг өөгшүүлж, зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжиж байна хэмээн буруутгаж харилцаагаа тасалсан юм. Гэхдээ Катар улс эдгээрийн алийг ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ.
 
Х.Нэргүй


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна