Лхагва гарагт Ираны нийслэл Тегеран хотод хоёр удаагийн зэвсэгт халдлага болж 12 хүн амь үрэгдэж, 39 хүн шархадсан байна. Албаны хүмүүс уг халдлагыг террорист үйл ажиллагаа гэж үзэн шалгаж байна.
Зэвсэглэсэн 4 этгээд лхагва гарагийн өглөө нийслэл хотын төвд орших Парламентын ордонд нэвтрэн орж гал нээн хүмүүсийг барьцаалсан байна. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр хамгаалалтын албаны ажилтнууд халдлага үйлдсэн этгээдүүдийг буудан хөнөөсөн байна.
Мөн нийслэл хотын гадна дүүрэгт байрлах Аятолла Рухолла Мусави Хомейнигийн бунхан дотор зэвсэглэсэн этгээдүүд гал нээсэн байна. Тэдгээр этгээдүүдийн нэг нь бөмбөг дэлбэлж амиа золиосолжээ.
Албаныхан уг бүлгийн 2 гишүүнийг баривчилсан бөгөөд “Лалын улс” бүлэглэлийн “Amaq” мэдээллийн агентлагаас тэдний дайчид бунхан болон парламентын ордон луу дайрсан гэж мэдээлсэн байна. Тухайн агентлагаас мөн террорист этгээдүүдийн авсан видео бичлэгийг цацсан байна.
Ираны Тагнуулын төв газраас уг болсон хэргийг террорист үйл ажиллагаа мөн гэж мэдэгдсэн юм. Ираны нийслэл хотын хамгаалалт маш өндөр түвшинд байдаг учир зэвсэгт халдлага болох явдал ховор гардаг байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна