Их Британийн парламентийн ээлжит сонгууль эхэллээ

2017/06/08

 

Их Британийн парламентын ээлжит бус сонгууль өнөөдөр буюу пүрэв гарагт эхэлжээ. Орон нутгийн цагаар яг 07:00-д орон даяр 40 000 гаруй сонгуулийн хэсгийн хороо үүд хаалгаа нээн ажилдаа оржээ.

Сонгогчийн нэрийн жагсаалтанд бүртгэгдсэн Британийн 46,4 сая сонгогч оройн 22:00 цаг хүртэл саналаа өгөх боломжтой. Санал тооллого бүхэл шөнийн турш явагдах ба эцсийн дүн 6 дугаар сарын 9-ны баасан гарагийн өглөө тодорхой болох ёстой аж.

Сонгуулийн дүнгээр 650 депутатаас бүрддэг Нийтийн танхимын шинэ бүрэлдэхүүн сонгогдох бөгөөд депутатын 650 мандатын тэн хагасаас илүүг авсан нам Засгийн газраа байгуулах эрхтэй болно. Ерөнхий сайд Тереза Мэй-гийн тэргүүлдэг одоо засгийн эрх барьж буй Консерватив нам ирэх таван жилийн хугацаанд засгийн эрхэндээ хэвээр үлдэж чадах эсэх нь гол асуудал болоод байна.
Олон нийтийн санал асуулгаар Консерватив нам давуу явж байгаа ч үнэлгээ нь их хэлбэлзэлтэй гарч байгаа аж.
“Times” сонинд мэдээлснээр, Их Британийн Засгийн газрын өндөр албан тушаалтнуудад хэрвээ сонгуулийн дүнгээр нэг ч нам Засгийн газраа байгуулахад шаардагдах 326 мандат авч чадаагүй тохиолдолд хэрхэх төлөвлөгөөг бэлтгэх үүрэг өгчээ. Ийм нөхцөл байдлыг “гацсан парламент” гэж нэрлэдэг ба эвслийн засгийн газар байгуулах эсвэл дахин сонгууль хийхээс аргагүй болдог байна.

Сонирхуулахад Их Британийн сонгуульд “чимээгүй өдөр” гэж байдаггүй байна. Нэр дэвшигчээ сүүлийн мөч хүртэл сурталчилж болдог ч харин хэсгийн хорооны дотор сурталчилгаа хийхийг хориглодог байна.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна