Путин “АНУ хориг арга хэмжээгээ чангатгах нь хоёр улсын харилцаанд сөрөг нөлөөтэй”

2017/06/19

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “АНУ хориг арга хэмжээгээ чангатгах нь хоёр улсын харилцаанд сөрөг нөлөөтэй” гэж мэдэгдлээ. “Энэ шийдвэр нь ОХУ, АНУ-ын харилцааг түвэгтэй болгоно” гэдгийг тэрбээр бямба гарагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурдсан байна. Түүнчлэн “Боломжит хариу үйлдлийн  талаар ярихад хэтэрхий эрт байна” гээд "Хориг арга хэмжээний улмаас ОХУ хүчээр өөрчлөлт хийх шаардлагатай болж байна. Гэхдээ үүний улмаас ОХУ таагүй байдалд хүрэхгүй" гэж Владимир Путин байр сууриа илэрхийлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Үйл явдал хэрхэн өрнөж байгааг бид анхаарах хэрэгтэй. Учир нь энэ шийдвэрийн эсрэг авах хариу үйлдлийн талаар ярихад хэтэрхий эрт байна. Тиймээс бид зарим зүйлсийг өөрчлөлт хийж, илүү их анхаарал хандуулах шаардлагатай байна. Энэ нь бидэнд таагүй байдал бий болгохгүй. Харин энэ хориг арга хэмжээ ОХУ, АНУ-ын харилцааг илүү түвэгтэй болгоно. Тиймээс энэ бол аюултай шийдвэр" гэж мэдэгдсэн байна.

Ийнхүү ОХУ-ын Төрийн тэргүүн байр сууриа хүчтэй илэрхийлэх болсон шалтгаан нь өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Сенат тус улсын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгахыг дэмжсэн явдал юм. АНУ-ын Сенатын гишүүд ОХУ-ыг 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэдэг шалтгаанаар энэ асуудлыг олонхын саналаар дэмжжээ. Харин Австри болон ХБНГУ АНУ эдийн засгийн ашиг сонирхлоо дэмжихийн тулд хоригоо чангатгах гэж байна гэж үзэн энэ шийдвэрийг шүүмжилсэн байна.
 

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна