Трамп 2016 онд 598 сая ам.долларын орлого олжээ

2017/06/19

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэг олонд ил боллоо. Өнгөрсөн оны 9-р сард нийслэл Вашингтон нээлтээ хийсэн зочид буудал нь түүнд 20 сая орчим ам.долларын орлого авчирчээ. Нийт 98 хуудас бүхий мэдүүлгийг АНУ-ын Засгийн газрын дэргэдэх Ёсзүйн товчоо баасан гарагт нийтэлсэн байна.

Доналд Трамп 2016 онд шинээр нээгдсэн зочид буудлын үйл ажиллагаанаас 20 сая ам.доллар олсон бол, Флорида дахь “Мар-а-Лаго” аялал жуулчлалын цогцолбороос 37 сая ам.долларын орлого олжээ. Тус цогцолбороос жилийн өмнө 7 сая ам.доллараар бага орлого олж байжээ. Мөн өөрийн бичиж хэвлүүлсэн номын худалдаанаас 7 сая ам.доллар халаасалсан бол, АНУ-ын Кино жүжигчдийн холбооноос 84 сая ам.долларын тэтгэвэр авчээ.

Хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаснаар Трамп өнгөрсөн санхүүгийн жилд 565 компаниас 288 сая ам.долларын орлого олжээ. Гэхдээ тэдгээрийг Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс нэг хоногийн өмнө шилжүүлжээ. Трамп сүүлд жилийн өмнө 2016 оны 5-р сард, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа хөрөнгө орлогын мэдүүлгээ нийтлүүлсэн байна.

Тэрбээр нийт 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө бүртгүүлж, өнгөрсөн санхүүгийн жилд нийт 598 сая ам.долларын орлого олсон гэж тусгажээ. Эдгээр нь жилийн өмнөх мэдүүлэгтэй ойролцоо байгаа юм. Түүнчлэн Deutsche Bank болон Нью-Йоркийн Ladder Capital Finance үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын санд тус тус 130 сая ам.долларын өртэй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна