Сэтгүүл зүйн боловсролын шинэ хандлага, боломж бололцоо

2018/02/02
Монголд сэтгүүл зүйн академик боловсрол олгодог  төрийн болон хувийн их, дээд сургуулиудын сэтгүүл зүйн сургалт уламжлалт хэлбэрийг дагасан хэвээр байгаа юм. АНУ болон барууны сургалтын арга барил, хөтөлбөрийг нутагшуулсан гэх боловч бүрэн утгаараа биш юм. Нийгэм, технологийн хөгжил, түүнийг дагаад хүмүүсийн мэдээлэлд хандах хандлага өөрчлөгдөж байгаагийн хэрээр Сэтгүүл зүй болон олон нийтийн харилцааны боловсрол хувьсан шинэчлэгдэх нь зайлшгүй болов. ХМХ өөрөө огцом өөрчлөлтийн дунд  байдаг бөгөөд судлаачид, багш нар, салбарын мэргэжилтнүүд  энэ  өөрчлөлтийг мэдэрч сургалтыг шинэчлэх арга замыг эрэлхийлэн байдаг.

“Нью Йорк таймс”-ийн нийтлэлч Frank Bruni “сэтгүүл зүй болон хэвлэл мэдээлэл хямралын үедээ явж байна.  Энэ бол тун ач холбогдолтой хямрал” гэв  Тэрээр уг хямралын хүчтэй илэрч буй шинжийг хэсэг улс төрийн зүтгэлтнүүдийн олон нийтийн сүлжээн дэх дүрс бичлэгүүдийн хэрэглээг хянан шинжлээд, сэтгүүл зүй ба хэвлэл мэдээллийн уламжлалт үүрэг үгүй болсноор тайлбарлажээ.  Тэрээр “Бахманн, Майнер, Клинтоны бичлэгүүд түүний онцгой жишээ болно гэжээ.”

Уламжлалт сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн асуудал гүн гүнзгий түвшинд хүрээд байна. “Times”-д “Сонин хэвлэлд гэрэл зурагчин хэрэгтэй юу?” хэмээн нийтлэл хэвлэгдэж байв. 2013 оны 5 дугаар сарын 30-нд ”Chicago Sun-Times“ 28 гэрэл зурагчнаа тэр хотыг бүхэлд нь мэдэрч чадах мэдлэг туршлагынх нь хамт ажлаас халж орхисон юм.  Ашиг орлогын хямрал, хэвлэл мэдээллийн хэлбэр төрхийн өөрчлөлтийн улмаас сонины эрхлэгчид зургаа чөлөөт сэтгүүлч, уран бүтээлчид, иргэн сэтгүүлчээс эсвэл газар сайгүй байх хяналтын камераас  авахыг илүүд үзэх болжээ.  Энэхүү бэрх шийдвэр зөв байсан бөгөөд үүнийг Рaidcontent.org “Сонины хэвлэлийн зардлын бүтэц хэтэрхий өндөр, бас олон нийтийн эх үүсвэрээр сайн ажиллаж байна” гэжээ.

Тэгэхээр бидэнд тулгарч байгаа асуудал бол  сэтгүүлч, хэвлэл мэдээллийн удирдлагуудыг хэрхэн бэлтгэх тухай болоод байна. Хэрвээ тэдэнд ажил байхгүй бол, ядаж нэг зуунд оршин тогтнох ажлын байр байхгүй бол мэргэжлийн сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны боловсролын үүрэг юу болох вэ? Ямар арга зам байна?

Уг арга замыг Forbes.com-д тавигдсан нийтлэлд өгүүлжээ. Энэхүү нийтлэлд дөчөөс доош настай 29 тэрбумтаны тухай нийтлэгдсэн байна. Үйлдвэрлэлийн чиглэлийн залуу тэрбумтныг тоолбол гайхалтай их тоо харагдах болно. 12 буюу 41 хувь нь санхүүгийн ноёрхлоо хэвлэл  мэдээллийн ертөнцөд бүрдүүлж байна. Ихэнх нь тоон технологийн мэдээллийн хэрэгслээс бүрдүүлдэг. Энэ нь дөчин тэрбумтнаас дөнгөж 4 буюу 14 хувийг бүрдүүлж байгаа бусад үйлдвэрлэл, банкны ажиллагаа, хөрөнгө оруулалтаас ч илүү хол давсан үзүүлэлттэй байна. Хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд 29 тэрбумтны нийт баялагийн дийлэнх хэсгийг бий болгожээ.  Тоон технологийн хэмжээ нь 40-өөс  доош насны дэлхийн 29 тэрбумтаны нийт 119 тэрбум доллар цэвэр хөрөнгийн 65 хувь буюу 75 тэрбум долларыг цуглуулдаг. Тоон технологийн мэдээллийн хэрэгслийн шинэчлэлт, бизнес эрхлэлт нь сүүлийн үеийн дэлхий даяарх эд баялагийн жолоодогч гэдгийг ойлгон ухаарахад гэнэтийн зүйл биш байх биз ээ.

  Хэвлэл мэдээллийн ирээдүйн холбоосыг үргэлжүүлэхэд мэдээллийг дамжуулах суваг үүсэн бий болж эхлэх хэрэгтэй. Careercast.com мэдээллийн сүлжээнээс гарсан хамгийн сүүлийн судалгаагаар Америкийн хамгийн шилдэг болон хамгийн муу ажил мэргэжлийг тодорхойлжээ. Хамгийн муу мэргэжлийн хоёдугаарт мод бэлтгэгч орсон байна. Энэ нь нэлээдгүй аюултай ажлаар зогсохгүй, цалин хөлсний үнэлгээ муутай ба салбартаа өсөн дэвжих боломж хязгаарлагдмал байдаг.  Хамгийн муу ажлаар сонины сурвалжлагч /үүнд телевизийн сурвалжлагч эсвэл аль ч уламжлалт хэвлэл мэдээллийн  сурвалжлагч багтана/ гэж нэрлэгджээ. Мод бэлтгэгчийн хувьд үнэхээр хүнд, аюултай ажил. 2012 онд ажил үүргийнхээ дагуу халуун цэгт амиа алдсан 70 сэтгүүлчдийг Сэтгүүлчдийг Хамгаалах Хороо бүртгэсэн байна. Түүнчлэн, олон мэдээний ажлын байрны хөлс маш доогуур, ажлын боломж нөхцөл муу, Засгийн газар,  албан тушаалтнууд дарамт шахалт үзүүлдэг гэжээ. Гэхдээ энэ судалгаанд цэцэглэн хөгжиж буй тоон технологи бизнесийн талбар болж байгаа асуудал орхигджээ. Харин Forbes.com-ийн нийтлэлийн агуулгаас харвал дижитал хэвлэл мэдээллийн салбар аль ч салбараас шилдэг нь болжээ.  Энэ бол сүлжээнд холбогдсон, гар утасжсан дижитал  эрин үед зориулсан мэргэжлийн боловсролыг бүтээх зайлшгүй хэрэгцээ бий болж байгааг тэмдэглэх хэрэгтэй юм.

Шинэчлэлт ба дижитал мэдээллийн хэрэгслийн бизнес нь энэ мэргэжлийн ирээдүйг тодорхойлж, мөн оюутнуудын ажлын карьерыг хайж олох түлхүүрийн нэг болж байгааг тод томруун харуулж байна. “The New York Times”-ийн нийлэлч Томас Л.Фрийдманы хамгийн сүүлд “хэрвээ танд ажил хэрэгтэй бол түүнийгээ өөрөө бүтээ” гэжээ.  Энэ нь сэтгүүл зүй болон олон нийтийн харилцааны боловсрол  олгогчдын анхаарах ёстой гол асуудал болоод байна. Иймд сэтгүүл зүйн багш нар   сургалтын хөтөлбөрт бизнес эрхлэлтийн зарчим, дадлага, туршлагыг болон  бүтээлч ажлын агуулга, ёс зүйг хамтад нь шингээх хэрэгтэй.
Туршлагатай ч ажлаасаа  халагдсан олон сэтгүүлч аль хэдийнээ өөрсдийн ажлын хэв маягаа олчихсон байна.  Уламжлалт мэдээллийн хэрэгслийг орхин дижитал бизнесийн салбарт шилжин орж байгаа сэтгүүлчдийн тоо маш олноор нэмэгдэж байна хэмээн 2013 оны 5 дугаар сард BuzzFeed мэдээлжээ. Зүй тогтол нь “хуучирч хэрэггүй болсныг орхин, хэвлэл мэдээллийн ертөнцийг илүү өгөөжтэй, илүү сэтгэл хөдөлгөсөн гарааны бизнесийн хөрсөнд ямар нэг аргаар суулгах. Хуучин мэдээллийн хэрэгсэл хүчгүйдэж, ямар нэг зүйлийг бүтээн босгох  нэг боломж”. Эдгээр шилжилт өөрчлөлтийг бүтээгчдийн дундаас Тайм мөн Фортун  сэтгүүлийн ажилтан байсан Josh Quittner нь Flipboard редакцийн захирал болжээ. Mark Luckie “Washington Post”-ыг орхин Твитерийн сэтгүүл зүй, мэдээний менежерээр ажиллах болов. Blackbook-ийн Chris Mohney болон Newsweek-ийн Jessica Bennet нар уламжлалт мэдээллийн хэрэгслийн ажлын байраа орхиж олон нийтийн сүлжээ Tumblr-ийн ерөнхий редактор болон хяналтын редактораар ажиллахаар гарын үсэг зуржээ. Ройтерсийн олон нийтийн сүлжээ сайтын эрхлэгч Anthony De Rosa “утсан дээр суурилагдсан шуурхай мэдээний залуу аппликэйшн”-ий Circa-д нэгдсэн байна.

Салбар хоорондын боломжууд. Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны боловсрол салбар хоорондын харилцааг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага байна. Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүүтэй өөрийн мөн чанараараа салбар хооронд хөрвөх талбар гэж үгүй юм. Хэвлэл мэдээлэл бүх сэдвээр өгүүлдэг.  Өгүүлэх аргууд байнга өөрчлөгдөж ирсэн юм. Жишээ нь, уламжлалт сэтгүүл зүйд хүүрнэл зохиолын хэв загвар,  шог ярианы хэлбэрийг чухалчилж байсан. Харин дижитал эрин нийтлэлчдэд  нөхцөл байдлыг хангаж чадах боломж, арга хэрэгсэл, өгөдлийг өгч байна. Өөрөөр хэлбэл, аливаа сэдвийг олон нийтэд хүргэхдээ нөхцөл байдалд тулгуурлан асуудлын мөн чанарыг бүрэн гүйцэд зураглан гаргаж чадах  мультмедиа болон мэдээллийн өгөгдөлд  тулгуурлан, үүнийгээ уламжлалт бичлэгийн аргатай хослуулж хэрэглэх боллоо.

Хэвлэл мэдээллийн боловсролын салбарын  хамгийн түрүүнд гүнзгий холбоо тогтоох салбар нь  мэдээлэл технологийн болон компьютерийн шинжлэх байх юм. Энэ талбар тоон технологийн хувьд зөвхөн ур чадвар болон  шүүмжлэлт сэтгэлгээг чухалчлах биш  мэдлэгийн менежмент, дизайныг чухалчлан үзнэ.  Тэгэхээр энэ салбар хоорондын цахим  \computational\ сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл гэсэн сургалтын хөтөлбөрийг бий болгох боломжтой. Зарим сургуулиуд аль хэдийнээ авч хэрэгжүүлж амжилтанд хүрээд байна. Мөн эрүүл мэнд, бизнес эсвэл бусад олон тооны салбарт хамтын ажиллагаа явуулж боломжит боловсролын хөтөлбөрийг бүтээж салбар хоорондын боломж бололцоо улам тэлсээр байна.

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааы боловсролын цаашдын зам мөр энгийн нэг шинэ сургалтын  хөтөлбөр нэмэх, курс санал болгосноор, эсвэл салбар хоорондын ажил хэргээр илэрхийлэгдэхгүй.  Хэд хэдэн сургууль гар утас, олон нийтийн сүлжээ мөн даяарчлалаас шалтгаалан шинэ санаачилгыг танилцуулсаар байна. Эдгээр нь Харвардын Clayton M.Christensen-ийн тогтвортой шинэчлэлийн жишээ юм. Тогтвортой шинэчлэл нь дахин бүтээн босгох  биш ахиц дэвшил авчирдаг урт хугацааны өөрчлөлт юм. Харин сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны боловсролд  шинэчлэлтийн өөр нэг төрөл болох “сүйрлийн шинэчлэлт” хэрэгтэй юм.  Энэ нь зах зээлийн талбарыг бүхлээр нь хувиргах  өөрчлөлтийг багтаана. Ингэснээр зах зээлийн талбарыг өргөжүүлэн, системийн үнэлгээг нэмэгдүүлнэ. Уламжлалт мэдээллийн хэрэгслийн уналтыг зогсоож эсвэл хязгаарлаж чадна. Ирэх арван жилд  дэлхий даяар ойролцоогоор 6 тэрбум хүн гар утас ашиглан, Америкчуудын дийлэнх нь ухалаг гар утас хэрэглэж, 5 тэрбум хүн интернэт сүлжээнд холбогдож, үүнээс ихэнх нь гар утсаа ашиглан интернэт ашиглана. Эдгээрт хүмүүст үйлчлэх хэвлэл мэдээллийн бизнесийг  бий болгох оюутнуудыг бэлтгэх хэрэгтэй болж байна. Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны боловсролд Стив Жобсын хөгжмийн үйлдвэрлэлд  хийсэн шиг бүрэн төгс сэргээн босголт шаардагдаж байна.Боловсрол олгогчид хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийн мөн чанар, ажил албанаас эхлээд агуулга, байгууллагын түвшинд болон хэвлэл мэдээллийн санхүүгийн бүтэц, мөн тэдний олон нийтийн харилцаа харилцаа холбоо зэрэг бүх түвшинд хэвлэл мэдээллийн боловсролыг өөрчлөн хувиргах шаардлагатай.

2013 оны 5 дугаар сарын 31-д NetNewCheck-ийн мэдээлснээр Google компани  37,9 тэрбум ам, долларын ашиг орлогоор  дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн компаниар  зарлагджээ.  Энэ нь өрсөлдөгч Direct TV \27,2 тэрбум\ группээс болон гуравдагч өрсөлдөгч болох NewsCorp \26,4 тэрбум\ зэргээс 39 хувиар илүү байв. Дэлхийн шилдэг 30 жагсаалтад багтсан Advance Publication Inc. жагсаалтын 13 дугаарт 6,6 тэрбумын орлоготойгоор,  мөн The Gannet Co жагсаалтын 16 дугаарт 5 тэрбум ам.долларын орлоготойгоор орсон  ба бусад сонин хэвлэл, мэдээллийн байгууллагуудад Google -ийн орлого  ашиг саад болсон хэвээр байгаа юм. Google мэтийн компаниудад хэвлэл мэдээллийн салбарыг дагуулан  явах сорилт тулгарч байна. Google News эх үүсвэрийн маш өргөн цар хүрээнээс мэдээ цуглуулахын тулд компьютерийн алгоритм  ашиглаж “эгэл жирийн түүхүүдийг хамтатган  уншигч бүрийн сонирхолд нийцүүлэн дэлгэцнээ харуулдаг”.

 Мэдээжийн хэрэг тэдний ноёрхол нь чөлөөт, нээлттэй, шүүмжлэлт, олон нийтийн хэрэгслийн хувийн тогтолцооны ёс зүйн зарчим, гол үнэ цэнийг алдагдуулна гэсэн утга биш юм. Зарим хэвлэл мэдэлэлийн байгууллагууд  чанартай сэтгүүл зүйн зарчимтай шинэчлэлийг хослуулах зорилгоор аль хэдийнээ Googl -тэй хамтран ажиллах  гэрээ байгуулжээ. Жишээ нь, The Associated Press агентлаг “AP-Google Сэтгүүл зүй, болон Технологийн тэтгэлэгт хөтөлбөр”- тэй болжээ. The Online News-ийн мэдээлж байгаагаар  уг хорин мянган долларын тэтгэлэг нь дижитал эринд шинэ сэтгүүлч болох оюутнуудад олгогддог байна. Google мөн сэтгүүл зүйн шинэчлэлтэд зориулж  The Global Editor’s Network –ийн санаачилга, Editor’s Lab-ын ивээн тэтгэгч болдог. Уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллага өнгөрсөн рүү ихээхэн анхаардаг. Харин  дижитал хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээ сайт, хэрэглэгчийн боловсруулсан контент бидний ирээдүй байх болно.

Дэлхийн сэтгүүл зүйн  боловсролын түүхийг Үүсэл хөгжлийн үе /1860-1940/,  Төлөвшил ба  шинэчлэлийн үе  /1940-2000/,   Дижитал хувьслын үе  /2000-2012/ гэсэн 3 үед ангилан үзэж байна. Харин манай  их, дээд сургуулиудын сургалтын агуулгыг үзвэл бид дэлхийн сэтгүүл зүйн боловсролын хандлага шинэчлэлтээс хугацааны хувьд арав гаруй жилээр хоцрогдож дижитал хувьслын үед хүрээгүй явна.   Судлаач миний бие 2011 оноос хойш Монголын сэтгүүл зүйн сургалт, сургалтын хөтөлбөр, шинэчлэлийн асуудлыг судалсан юм.  Түүний үндсэн дээр дээрх дүгнэлтийг хийж байна. Манайд хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, шинэчлэлт, сэтгүүл зүйн шинэ чиг хандлага зэргийг мэдэрсэн сургалт хомс, бусад нөөц хангалтгүй. Сургалтын гол агуулгыг илтгэх хөтөлбөрийн сонголт хязгаарлагдмал, агуулга чанарын ойлголт нэгдмэл бус.  Сургууль тус бүр өөрийн онцлогтоо тохируулан хийдэг зарим нэг өөрчлөлтийг эс тооцвол сургалтын хөтөлбөрийг дорвитой өөрчлөх цаг болжээ. Ингэснээр өдөр ирэх бүр өөрчлөгдөж буй сэтгүүл зүй болон шинэ хэвлэл мэдээллүүдийг мэдэж, суралцах болно. Багш нар ч дахин суралцах шаардлага гарч байна. Мөн суралцагчид орчин цагийн сэтгүүлчийн ажил эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар эзэмшүүлэх буюу орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилттай уялдсан өөрчлөлтийг хийх шаардлага бодитой болжээ.
 
Д.Дагиймаа  ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч, проф
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна