Английн Премьер лигийн хамгийн олон түрүүт Манчестер Юнайтед багийн түүхэнд төрөн гарсан шилдэг хаалгачдын нэг Петер Шмейхел монголын хөлбөмбөг сонирхогчидтой уулзах боломжтой болсон байна. Дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртсэн Петер Шмейхел Монголын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор уригджээ.
Энэхүү арга хэмжээнд жил бүр хүндэт зочид уригдан оролцдог бөгөөд 2017 онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Монголд ирж, фэнүүдтэйгээ уулзаж байсан юм. Тэгвэл энэ жил дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртсэн Петер Шмейхел ирэхээр болсон байна.
Монголын хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд түүхэндээ анх удаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд шалгарсан амжилтыг 2018 онд үзүүлсэн. Мөн дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн анхаарлын төвд байсан “ОХУ 2018” хөлбөмбөгийн ДАШТ-ий “Алтан цом” Монголд ирсэн зэрэг томоохон үйл явдлууд энэ онд тохиосон. Тиймээс хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг” шагнал гардуулах арга хэмжээ жилээс жилд өргөжиж, дэлхийн домогт одуудыг Монголын үзэгчидтэй уулзуулах боломжийг нээж өгдөг уламжлал тогтжээ.
Дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртэж байсан Петер Шмейхел хүндэт зочинтой Монголын шилдгүүдийг шалгаруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээ ирэх арванхоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдах тов гарсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна