"Бүсгүй зурвас" жүжиг өнөөдөр тоглоно

Өчигдөр 14 цаг 29 минут

 Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нийгмийн уянгын драмын "Бүсгүй зурвас" жүжиг гарах гэж байна. Тус жүжгийн уран бүтээлчид 2019 оны шинэ уран бүтээл болох дээрх бүтээлийнхээ тухай өчигдөр хэвлэлийнхэнд мэдээллээ. 

УДЭТ-ын дарга, МУУГЗ Д.Цэрэнсамбуу мэдээлэхдээ, "Манай театр төр, олон түмний туслалцаатайгаар сүүлийн 30 гаруй жил уран бүтээлээ үзэгчиддээ хүргэж байна. Театр уран бүтээлийн "салхивч"-аа нэлээд томоор нээж эхэлж байгаа гэдгээ хэлье. Нээлтээ хийх гэж байгаа "Бүсгүй зурвас" жүжиг бол өнөөдрийн нийгмийн захиалгаар хийсэн бүтээл гэж болно. 2012 онд зарласан жүжгийн зохиолын уралдаанд ирсэн 90 гаруй бүтээлийн нэг. Байр эзлээгүй ч найруулагч Н.Наранбаатарын анхаарлыг татаж  энэ оны эхний уран бүтээлийн  салхийг хагалж шинэ жүжиг болгон тоглоход бэлэн болоод байна. Дараагийнхаа уран бүтээлийг бид нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно. Жишээлэхэд хүүхдийн жүжгийн уралдаан зарласан. Эндээс шилдэг жүжгийг нь сонгох юм" гэв.

Тус театрын уран сайхны удирдагч, МУУГЗ Н.Ганхуяг "Сэтгүүлч хүний амьдрал, уран бүтээлийн тухай анх удаа жүжигт тусгаснаараа онцлог. Өнөөдөр үнэн гэдэг бүдгэрсэн. Үнэнийг өөрөөсөө хайх, бусдаас хайх, нийгмээс хайх гээд л явцгааж байна. Үнэнд хариу өгөх шаардлагатай болсон. Театр үүнд хариу өгөх шаардлагатай болсон. Асуултад хариулах жүжгийн гол дүр Архайд  МУГЖ Б.Жаргалсайхан, түүний эхнэр Туяад МУГЖ Г.Уранчимэг, сэтгүүлч Итгэлд залуу жүжигчин Б.Золзаяа нар тоглоно. Мөн  МУСТА Г.Болд-Эрдэнэ, Туяад МУГЖ Ж.Оюундарь, сэтгүүлч Итгэлд залуу жүжигчин Н.Тогтохжаргал нар  ч гол дүрүүдийн бэлтгэлийг давхар хийсэн. Ардын жүжигчин С.Сарантуяа цөөхөн гардаг сонины эрхлэгчийн дүрийг сонирхолтой гаргаж чадсан. Маргааш жүжгээс дээрх тулгамдсан асуултынхаа хариуг аваарай" гэлээ.

Жүжгийг найруулсан Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар  "Нийгмийн үнэний дуу хоолой болсон сэтгүүлчид та бүхэн "сэтгүүлчийн тухай" жүжгийн мэдээлэл авахаар ирсэнд баярлалаа. Театр бол хүний сэтгэлийг эмчилдэг. Үзэгчийн тархийг оюунлаг, гэрэлтэй байлгах гэж зүтгэдэг. Урлаг бол гоо сайхан, соён гэгээрүүлэх, танин мэдэхүй, ёс зүйг бий болгох үүргийг ч хариуцдаг. Бид нийгмээ танин мэдэхгүй байна. Хүнээ танин мэдэхгүй байна. Бусдыг танин мэдэхгүй байна. Гэр бүлээ ч танин мэдэхгүй байна. Аав, ээж, үр хүүхдээ  ч танин мэдэхгүй байна. Эцэст хүн өөрийгөө ч танин мэдэхгүй байна. Бүр онцлоод хэлбэл, "Хүний амаар нүд хийж байна". Бидний амьдрал /гар утсаа харуулаад/ энэ дотор л байна. Гэтэл гар утсан дотор амьдарч болохгүй шүү дээ. Энэ тухайд бид дуугарах цаг болжээ. Бас нэг гунигтэй, эмгэнэлтэй нь, гэр дүүрэн ном өрчихөөд нэгийг нь ч уншихгүй байна. Мөнгө, ёс суртахуун гэгч хоёр зүйл л зөрчилдөж байна. Энэ бүхэнд хариу өгье гэж жүжгээ бүтээсэн. Бас "Бид эцэг эхээс заяасан ганцхан нүүртэй" гэдгийг хэлье. Олон нүүр хэрэггүй" гэж жүжгийн гол зангилаа бүхий санааг хэллээ.

Гол дүрд тоглосон МУГЖ Б.Жаргалсайхан "Хүнээс гарах бүх л ааш араншинг Архайн дүрээс хараарай. Хувь хүн юунаас болоод өөрчлөгдөж байна вэ? Энэ гол санааг л дүрдээ шингээх гэж хичээлээ" гэв. Ийнхүү зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Ярилцлага"  өгүүллэгээс сэдэвлэсэн шинэ жүжгийг найруулагч Н.Наранбаатар тайзнаа амилуулжээ. Нийгмийн захиалгаар бүтээж буй жүжиг учраас театрын уран бүтээлийн зөвлөл "Бүсгүй зурвас" гэж нэрийг солиод үзэгчиддээ хүргэхэд бэлэн болсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна