АНУ-ын Засгийн газар Хятадын “Huawei” компанийг хар жагсаалтад оруулсны дараа “Google” корпорац тус компанитай бизнес-хамтын ажиллагаагаа зогсоож байгаа тухай Рейтерс агентлаг үүссэн нөхцөл байдалд ойр эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.
Хятадын компанийн хувьд “Google”-ийн технологи болон програм хангамжид нэвтрэх эрхийг нь хязгаарлах аж. Энэ нь “Android” үйлдлийн системийн шинэчилсэн хувилбарыг “Huawei”-н төхөөрөмжүүд хүлээж авахгүй гэсэн үг юм. Үүнээс гадна, ийм ухаалаг гар утас эзэмшигчид “Google Play”, “Gmail” зэрэг “Google”-ийн програмд нэвтрэх боломжгүй болно.
Гэхдээ Хятадын компанийн ухаалаг гар утсуудад “Android” үйлдлийн системийн нээлттэй эх кодтой хувилбаруудыг ашиглах боломжтой хэвээр байх аж.
Хятадын эрх баригчдаас санхүүжилт авч байна гэж АНУ-ын Тагнуулын төв газар “Huawei” компанийг буруутгасны дараа тус компанийн эргэн тойронд дуулиан шуугиан дэгдсэн юм. Үүнээс өмнө АНУ болон Австрали улс тус компанийг тоног төхөөрөмжийнхөө тусламжтайгаар техникийн тагнуул хийж, нууц мэдээллүүд цуглуулж байна гэж буруутгасан билээ. Хятадын компанийн оролцоотойгоор Европт “5G” сүлжээг хөгжүүлэх нь хэр оновчтой эсэхийг тунгааж үзэхийг Америкийн эрх баригчид Европын түншүүддээ удаа дараа уриалжээ.
АНУ-ын Худалдааны яам “Huawei” компани болон тус компанийн 70 салбарыг “улсынх нь үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж үзэн” хар жагсаалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Харин “Huawei” компани “5G” сүлжээг хөгжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулах эрхийг авахын тулд хэд хэдэн улстай, тухайлбал, Их Британитай тагнуулаас урьдчилан сэргийлэх тухай гэрээ байгуулахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
Дональд Трамп өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт мэдээллийн технологийн аюултай холбоотойгоор “үндэсний хэмжээнд онц байдал” зарласан юм. АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эсвэл Америкийн иргэдийн аюулгүй байдалд хүлээж зөвшөөрч боломгүй эрсдэл бий болгож буй гэрээ хэлцлийг хориглох үүргийг тус улсын Худалдааны яаманд өгсөн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна