Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдан мөрдөгдсөнөөс хойших 27 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн байгууллагыг шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх ажлыг шат дараатай хийсний дагуу улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгдсэн.
Гэвч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн тухай хууль тогтоогчид төдийгүй хуульч,эрдэмтэн судлаач,улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дунд байнга яригдаж, зарим иргэн, иргэний нийгмийн байгууллагаас Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулж Улсын Их Хуралд удаа дараа ирүүлж байсныг бид мэднэ.
Тиймээс энэ удаагийн парламент эцэг хуульдаа зарим зүйл, заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Тодруулбал Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал,үндсэн бүтэц,зарчмыг хөндөхгүйгээр 20 зүйлийг хамарсан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэдийгээр үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг МАН-ынхан олонхоороо өөрчлөн батлах нь гэсэн шүүмжлэл нийгэмд үүсээд байгаа ч бодит байдал дээр бид эцэг хуулиа өөрчлөн батлах зайлшгүй шаардлага бий болсон билээ. 1992 оноос хойш Монгол улсын түүхэнд дөрвөн жилийн хугацаагаа дуусгаж байсан Засгийн газар байхгүй. Дээр нь парламентын гишүүд бүгд тойргийнхоо эрх ашгийг эхэнд тавьж байснаас биш улсын нэгдсэн тойргийн эрх ашиг гэж хандаж ирээгүй нь бидний хөгжлийг удаашруулж буй нэг хэлбэр юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдсанаар бол ирэх жилийн төсөвт Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр төсвийг нэмэх,хасах асуудалд хориг тавигдах заалт бий. Энэ нь маш зөв хувилбар. Учир нь гишүүн бүр тойрогтоо ахмадын төвөөс эхлээд худаг ус гаргах гэх мэт зүйлийг төсөвт нэмж суулгаж ирсэн. Энэ нь Монгол улс төсвөө нэгдсэн бодлого руу явуулж ирж чадаагүйн илрэл бөгөөд дээрх асуудал нь тухайн орон нутгийн Засаг дарга нарын шийдэх,хэрэгжүүлэх ажил үүрэг байв. Үүнийг засч залруулах, улс нэгдсэн төсөв, нэгдсэн бодлоготой байх том алхам юм. Мөн Засгийн газрын гишүүд давхар дээлтэй байх ёсгүй гэх шүүмжлэл давамгайлж байгаа. Үүнийг хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд үндсэн чиг үүргийн дөрвөн яамыг давхар дээлтэй сайд нар удирдах бусад чиг үүргийн яамдууд давхар дээлгүй сайд нараар удирдуулах зэрэг өөрчлөлтүүд орсон байна.
Ард түмнээс санал асуулга авч бүх нийтээрээ улс орныхоо эрх ашгийн төлөө эцэг хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх асуудал АН-ынхан эсрэг байр суурьтай чуулганы хуралдааныг орхин гарах улс төр хийх явцуу эрх ашгийн үүднээс хандах нь зүйд нийцэхгүй харагдаж байгаа.
Төрд ард түмнээ төлөөлөн суух үүргийнхээ дагуу нам болж талцалгүй,улс төрийн шоу хийлгүй асуудалд хандах ёстой гэдгийг эцэст нь дурдах байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна