Үндэслэлгүй хөрөнгөжсөн Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг ШҮҮХ ямар учраас ЦАГААТГАВ!

2019/09/17
1. Р.Эрдэнэбүрэн  1 тэрбумын үнэтэй орон сууцаа өөрийн найз Ж.Г-ийн нэр дээр бүртгүүлсэн байжээ...

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн болон түүний найз Г.Ж нарт 201601000046 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, АТГ-аас Р.Эрдэнэбүрэнг төрийн өндөр албан тушаал хашиж байх хугацаандаа өөрийн хууль ёсны орлогоос хэт давсан эх үүсвэрээр орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан, хөрөнгө орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Р.Эрдэнэбүрэнгийн хувийн байдлыг тодорхойлох зорилгоор түүний нэр дээрх хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн талаарх лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулан авчээ.

Гэтэл Р.Эрдэнэбүрэнгийн гэр бүлийн хамт амьдарч буй орон сууц болох өөрийн өмчлөлийн нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхоны 302 дугаар байрны 6 давхрын 602 тоот, 344.8 м.кв талбайтай орон сууц нь түүний найз Ж.Г-ийн нэр дээр бүртгэлтэй байжээ.

Улмаар уг хөрөнгийн эх үүсвэрийг шалгахад, Р.Эрдэнэбүрэн нь 2012-2015 оны хооронд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа хууль ёсны эх үүсвэрээсээ хэт давсан хөрөнгөөр буюу 1,141,800,000 төгрөгөөр 344.8 м.кв талбайтай 6 өрөө орон сууц, 2 автомашины зогсоолыг багын найз Ж.Г-ийн нэр дээр худалдан авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан болох тогтоогдсон аж.

Үүгээр зогсохгүй тус орон сууцны төлбөрийг Р.Эрдэнэбүрэнгийн эхнэр Г.Батчимэг гэгч нь Ж.Г-ийн нэрээр шат дараатай төлж барагдуулсан, Р.Эрдэнэбүрэн өөрийн гэр бүлийн хамтаар тус орон сууц болон автомашины зогсоолыг ашиглаж, үр шимийг хүртэн амьдарч байсан болох нь шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогджээ.

Хамгийн ноцтой  нь Р.Эрдэнэбүрэн хууль бусаар хөрөнгөжих замаар олж авсан энэхүү орон сууц, автомашины зогсоолоо өөрийн найз Ж.Г-ийн нэрээр 2015 онд батлагдан хэрэгжсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулж, өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдалсан байсныг АТГ-ын мөрдөгчид илрүүлжээ.

Тэгвэл энэхүү хэргийг Анхан шатны болон давж заалдах шатны шүүх удаа дараагийн шийдвэрээрээ хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хардлага төрүүлж байна.

Тодруулбал, Анхан шатны шүүх “Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй буюу гэмт хэргийн шинжгүй” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, Р.Эрдэнэбүрэн түүний найз Ж.Г нарт холбогдох хэргийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тэдний хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн байгаа юм.

Ингэж шийдвэрлэснийг прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн хэмээн тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ч давж заалдах болон хяналтын шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

2. Р.Эрдэнэбүрэнгийн шүүхэд өгсөн тайлбар гэрчүүдийн мэдүүлгээс зөрсөн нь...

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг Эрүүгийн хуульд тусгай субьект буюу албан тушаалтан, бүрэн эрхийн хугацаанд, хууль ёсны эх үүсвэрээс хэт давсан хөрөнгө, орлого олсон, санаатай үйлдсэн, эд хөрөнгөө тайлбарлаж эс чадах гэсэн бүрэлдэхүүний таван шинжийг зэрэг хангаж байхаар тодорхойлсон байна.

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “... Энэ хуулийн 4.1 дэх заалтад заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно...”, “Энэ хуулийн 7.1 дүгээр зүйлийн 8 дахь заалтад “...үндэслэлгүйгээр хөрөнгөжих...” гэж, мөн зүйлийн тайлбарт “...Албан тушаалтан зургаан сарын албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзнэ...” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтад “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг аж.
Р.Эрдэнэбүрэн нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хөрөнгө, орлогын талаарх мэдүүлгийг гаргаж өгч байсан хэдий ч  уг мэдүүлэгтээ гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээл болон бусдаас авах авлага, өглөгийн талаар огт мэдүүлээгүй болох нь мөрдөн шалгалтын явцад тогтоогджээ.

Гэтэл анхан шатны шүүхээс “... бусдаас авсан их хэмжээний авлага, зээл, гэр бүлийн гишүүний хувиараа эрхлэх үйл ажиллагааны орлого...” зэргийг өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй зөрчил гаргасан хэдий ч тэрээр их хэмжээний орлого олсон эх үүсвэрээ “...бодитой, үнэн зөв, хууль ёсны болохыг үндэслэлтэй тодорхойлон тайлбарлаж чадаагүй” гэх нөхцөл байдал хангалттай, эргэлзээгүй буюу хөдөлбөргүй байдлаар тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа юм.

Учир нь Р.Эрдэнэбүрэн орон сууц, автомашины зогсоолуудыг худалдан авсан тухайгаа, “...Өөрийн эхнэрийн хувиараа эрхэлдэг үнэт эдлэлийн худалдааны орлогоос 412,462,000 төгрөг, төрсөн дүү Р.Бүрэнжаргалын үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогоос 106,000,000 төгрөг, хувь хүнээс буюу найз Ж.Г-өөс зээлж авсан 380.000.000 төгрөг, хуулийн этгээдээс авсан авлага буюу “Лозво ЖЛС” ХХК анх байгуулагдах үед түүхий эд худалдан авахад нь зарцуулж зээлсэн 160,000,000 төгрөг, хувь хүнээс буюу найз М.Нарангэрэлээс авсан авлага ба зээлийн 85,000,000 төгрөгийг тус тус орон сууц худалдан авахад зарцуулсан...”  хэмээн Шүүхэд тайлбарласан боловч түүний тайлбар нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Үүнд:

Р.Эрдэнэбүрэнгийн найз Ж.Г сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “... Эрдэнэбүрэн утсаар ярьж, намайг дуудаад “Ривер гарден” хотхоны борлуулалтын албан дээр очсон. Тэгээд энэ байрыг худалдан авах гэрээг би хийж өгсөн. Р.Эрдэнэбүрэнгийн хувьд “би байр авах гэсэн юм, байрны захиалга өгөх гэсэн юм,чи очоод гэрээ хийгээд өгөөч” гэсэн,...би гэрээг нь хийж өгсөн юм. Энэ байр бол миний байр биш, Эрдэнэбүрэнгийн байр юм. Төлбөр мөнгийг нь хэрхэн төлсөн талаар мэдэхгүй байна. Захиалах байрны хаягийг нь Р.Эрдэнэбүрэн надад хэлж өгч байсан.

Р.Эрдэнэбүрэн бид хоёрын хооронд ямар нэгэн өр, авлага байхгүй. Бид хоёрын дунд бие, биедээ мөнгө, төгрөг зээлж байсан тохиолдол байхгүй болно. Бид жирийн найзууд. Миний хувьд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу нуусан ямар нэгэн хөрөнгийг ил болгосон зүйл байхгүй болно. Р.Эрдэнэбүрэн түүний эхнэр Г.Батчимэг нартай хамтран бизнес эрхэлж байсан зүйл байхгүй болно. Би ямар нэгэн байдлаар Р.Эрдэнэбүрэнгийн эзэмшлийн компанийг ажиллуулж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Р.Эрдэнэбүрэнгийн эхнэр Г.Батчимэгийн “...Бид одоо гэр бүлээрээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхоны 302-602 тоот байрандаа амьдарч байгаа.  Энэ байр бол манай байр. Уг байрыг бид 2012 онд гэрээ байгуулан, гэрээний дагуу төлбөрийг төлж худалдаж авч байсан юм...” гэх мэдүүлэг,

Мөн түүний, “Лозво ЖЛС” ХХК нь манай нөхөр Р.Эрдэнбүрэнгийн төрсөн дүү Р.Бүрэнжаргалын компани юм. Манай найз М.Нарангэрэл 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Монголд ирэх үеэрээ надад бэлнээр өгсөн юм. Орон сууц захиалгын гэрээний төслийн хувьд манай хадам ээж Э.Очирхуягийн нэр дээр байр захиалахаар анх ярьж байх үеийн гэрээ байна. Ямар учраас ээж Э.Очирхуягийн нэр дээр захиалаагүйн учрыг би мэдэхгүй байна, манай нөхөр Р.Эрдэнэбүрэн мэднэ. Би Ж.Г-ийн нэрээр миний бие байрны мөнгийг тушаасан гэдгээ мэдүүлж байгаа шүү дээ. ...” гэх мэдүүлэг,

Р.Эрдэнэбүрэнэгийн төрсөн дүү Р.Бүрэнжаргалын, “Лозво ЖЛС” ХХК-ийг миний бие 2007-2008 оны үед үнэт эдлэлийн үйлдвэрлэл эрхлэх, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж байсан. Тус компани үнэт эдлэл үйлдвэрлэх үйл ажиллагааг 2009-2010 оны үед идэвхитэй явуулж байгаад үйл ажиллагаагаа зогсоосон юм. Тус компани нь монет худалдаж аваад, түүгээрээ ээмэг, бөгж хийх үйлдвэрлэл явуулж худалдан борлуулдаг байсан. Надад компанитай холбоотой санхүүгийн бүртгэл, данс тооцоо гэх зүйл байхгүй.  Р.Эрдэнэбүрэнгийн эхнэр Г.Батчимэг хөрөнгө оруулалт гэх зүйл хийж байсан зүйл байхгүй. Миний хувьд 2010 оноос компанийн үйл ажиллагаа явуулаагүй. ...” гэх мэдүүлэг,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Р.Д-ийн  “...Эрдэнэбүрэнгийн эхнэр нь нэг хавтастай бичиг баримт барьчихсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн ажлын хэсгийн хүмүүс хаана сууж байгаа талаар надаас асуусан. Тэгэхэд Р.Эрдэнэбүрэнгийн эхнэр нь тэнд юм асуугаад үлдсэн юм. ...” гэх мэдүүлэг,

Татварын улсын байцаагч, гэрч О.Энхтуяагийн, “...Түүнд татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хөндлөнгийн мэдээлэл, санхүүгийн баримт, материалыг үндэслэн шалгасан. Мөн Г.Батчимэгтэй ярилцлага хийсэн болно.

Мөн Г.Батчимэгээс ирүүлсэн өөрийнх нь хөтөлж, бүртгэж байсан данс бүртгэлийн хар дэвтэр дээрх мэдээлэл, ярилцлагаар авсан мэдээлэл зэргийг үндэслэн 240012513 тоот акт үйлдсэн юм. Дээрх хуулийн гол зорилго нь нуусан хөрөнгө, орлогыг ил болгох, тайлагнах явдал юм. Гэтэл өөрийн нэр дээр гэрээ байгуулан орон сууц худалдан авч, төлбөрийг нь төлж, үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулан авсан буюу хуулийн дагуу эд хөрөнгө худалдан авсан иргэн ямар учраас эд хөрөнгөө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулж байгаа учрыг бид мэдэхгүй. Тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь хэн бэ гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоох нь зүйтэй юм. ...” гэх мэдүүлэг,

Татварын улсын байцаагч С.Тамираагийн “...Иргэн Г.Батчимэгийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийхэд хөндлөнгийн мэдээлэл байхгүй, банкны дансны гүйлгээгээр дээрх 8.500.000 төгрөгийн гүйлгээнээс өөр орлого байхгүй байсан тул өөрийнх нь тайлагнасан буюу авч ирсэн данс бүртгэлийн дэвтэр, ярилцлагаас олж авсан мэдээллийг үндэслэн борлуулалтын орлогын хэмжээг тодорхойлохоос өөр арга байгаагүй....” гэх мэдүүлэг,

“Сенор аудит” ХХК-ийн аудитор, гэрч Д.Бүдрагчаагийн, “...Уг дүгнэлтийг хүсэлт гаргасан иргэн Г.Батчимэгийн гаргаж өгсөн орлого, зарлага бүртгэх дэвтэр болон банкны дансны хуулгыг үндэслэсэн. Уг орлогыг яг алт мөнгө борлуулснаас олсон орлого мөн, биш гэдгийг хүсэлт гаргагч Г.Батчимэг өөрөө л тайлбарласныг үндэслэсэн. Түүнээс биш манай компани цааш нь эцэслэн шалгаагүй. ...Нийт 395.406.000 төгрөгийн орлого олсон гэж гараар хөтөлж бүртгэсэн байсныг баталгаажуулсан. Түүнээс биш өөрөөр гаалийн мэдүүлэг, бүрдүүлэлт, тухайн жилд татвар төлсөн байдал зэргийг нь үзэж харсан зүйл байхгүй. Зөвхөн өөрийнх нь гаргаж өгсөн баримтанд үндэслэж дээрх аудитын дүгнэлтэнд оруулж, баримтанд дурьдагдсан орлогыг баталгаажуулсан гэдгийг дахин хэлье. ...” хэмээн тус тус мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагджээ.

3. Шүүх Р.Эрдэнэбүрэнгийн хууль бус үл хөдлөх хөрөнгийг түүний найз Ж.Г-ийн хууль ёсны өмч хэмээн дүгнэв...

Дээр дурдагдсан гэрчийн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар Р.Эрдэнэбүрэн нь 1,141,800,000 төгрөгийн орон сууцыг албан тушаалын бүрэн эрхийн хугацаандаа хууль ёсны эх үүсвэрээсээ хэт давсан хөрөнгөөр худалдаж авсан бөгөөд тухайн эд хөрөнгөө тайлбарлаж чадаагүй болох нь нотлогдож байна хэмээн үзэж болохоор байгаа юм.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг болохыг Авлигын эсрэг конвенцын 20 дугаар зүйл болон 3 дугаар бүлэгт тодорхойлж, санаа, сэдэлтийг заавал тогтоохыг үүрэг болгосон боловч энэ гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг болохыг харгалзан санаа, зорилгыг хэргийн үйл баримт, нөхцөл байдлаас дүгнэн тогтоож болохыг конвенцийн 28 дугаар зүйлээр зөвшөөрсөн байдаг байна.

Энэ утгаараа Р.Эрдэнэбүрэн нь найз Ж.Г-ийн нэр дээр худалдан авсан орон сууц, 2 автомашины зогсоолыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулсан нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдалсан санаатай үйлдэл гэж үзэж болохоор байгаа юм. Үүнийг прокрор ч хүлээн зөвшөөрчээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар заасан.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд Ж.Г-ийн хууль ёсны өмч байсан бол тухайн хуулийн үйлчлэлд хамруулах шаардлагагүй байсан. Гэтэл Р.Эрдэнэбүрэн нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6.1 дүгээр зүйл “... Энэ хуулийн 4.1, 5.1 дэх заалтад заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно...” гэж, мөн зүйлийн 6.2 дугаар зүйл “...энэ хуулийн 6.1 дэх заалтад заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, ... тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно” гэж заасныг ашиглан өөрийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор орон сууц, автомашины зогсоолыг уг хуулийн үйлчлэлд хамруулсан байгаа юм.

Энэ мэт нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс харгалзан үзэлгүйгээр, шүүгдэгч Р.Эрдэнэбүрэнгийн хууль бусаар буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үл хөдлөх хөрөнгийг түүний найз Ж.Г-ийн хууль ёсны өмч хэмээн дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр бөгөөд шүүгдэгч Р.Эрдэнэбүрэнгийн зүгээс хэргийг өөрт ашигтай байдлаар шийдүүлэхийн тулд шүүхэд хөндлөнгөөс нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна.

Сэтгүүлч Р.Улам-Оргих
2019.08.26
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна