Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун АстраЗенека вакциныг ачсан МИАТ-ийн тусгай үүргийн онгоц 2-р сарын 22 буюу өнөөдөр өглөө 06:25 цагт манай улсад ирсэн билээ. Вакциныг өгөх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр болон Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нар болон бусад албаны хүмүүс оролцов.
Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх : “Энэтхэг Улс нь КОВИД-19- ийн эсрэг вакциныг бидний “оюун санаа хөрш”, “Стратегийн түнш” болох Монгол Улсад өгч байгаа анхны улс болж байгаадаа баяртай байна. Энэтхэг Улс нь эхний ээлжинд 6.3 сая тун вакциныг 13 найрсаг түнш орнуудад бэлэглэж буй бөгөөд энэ нь бидний зүрх сэтгэлийн холбоо, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болохын зэрэгцээ “Act East” бодлогод Монгол Улсын чухал ач холбогдлыг харуулж байгаа юм” гэлээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Энэтхэгийн Ерөнхий сайдад Монгол улсыг 150 мянган Ковидын вакцинаар хангаж буй орнуудын жагсаалтын эхний эгнээнд оруулсанд талархал илэрхийлээд, өнөөдрийн арга хэмжээ түүхэнд тэмдэглэгдэх болно гэдгийг дурдсан. Мөн Энэтхэг, Монголын стратегийн түншлэл өргөжиж Монгол, Энэтхэгийн ард түмний найрамдлыг бэхжүүлэх чиглэлээр олон салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна” гэлээ.
Энэтхэг Улс нь ‘ертөнцийг нэг том гэр бүл’ гэж үздэг бөгөөд хуваалцах, халамжлах гэдэгт итгэдэг бөгөөд энэхүү хүнд хэцүү цаг үед манай дэлхийн 74 гаруй улс оронд эмнэлгийн мэргэжилтэнүүд, эм, тоног төхөөрөмж болон ковидын вакцин нийлүүлж буйгаар илэрхийлэгдэж байна. Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди болон Гадаад Хэргийн сайд Д-р Жайшанкарын "Вакцин Майри" буюу Вакцины буцалтгүй тусламжаар дамжуулан манай найрсаг түнш Монгол улстай стратегийн түншлэлээ өргөжүүлэн улам бүр бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
Үүний ташрамд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Гадаад Харилцааны сайд болон Эрүүл мэндийн сайд нарт 150,000 тун вакциныг Энэтхэг Улсаас богино хугацаанд тээвэрлэн авчрахад хичээл зүтгэл гарган хамтран ажилласанд Энэтхэгийн элчин сайдын яам талархаж буйг илэрхийллээ.
Эх сурвалж: БНЭУ-ын ЭСЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна