ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн Засгийн газар криптовалютыг хориглох тухай хуулийн төсөл боловсруулж байна гэж “Hindustan Times” сонинд мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, "уг хуулийн төсөлд крипто мөнгөн тэмдэгт эзэмших, гаргах, худалдаж авах, худалдах, шилжүүлэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан байна". Хэрэв энэхүү баримт бичиг батлагдвал "Энэтхэг улс криптовалютын эргэлтийг хууль бус болгосон анхны том эдийн засаг болно" гэж эх сурвалжууд онцолжээ.
Биткоиныг санхүүгийн гүйлгээ хийхэд үр ашиггүй, найдваргүй хэрэгсэл гэж үзэж байгаа Энэтхэгийн Засгийн газрын бодлогод энэхүү хуулийн төсөл нийцэж байгаа болохыг эх сурвалжууд хэлсэн байна. Албан ёсны дижитал валютын үндэс суурийг тавихдаа биткоинд хориг тавихыг тус улсын Засгийн газар өнгөрөгч нэгдүгээр сард уриалжээ. Биткоиныг санхүүгийн янз бүрийн хууль бус схемд ашиглаж болохоос гадна, ханшийн хувьд маш тогтворгүй гэж Энэтхэгийн эрх баригчид үзэж байгаа аж.
Эрх баригч "Бхаратия жаната парти" намын бүлэг олонхын суудал эзэлдэг тул криптовалютыг хориглох тухай хуулийн төсөл парламентаар дэмжигдэх магадлал өндөр байгааг “Hindustan Times” сонин онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна