Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгийг хэлэлцэн баталлаа.
Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд нэр дэвшигчийг санал болгох асуудлыг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр 18 иргэн материалаа ирүүлснээс 3 нэр дэвшигч нэрээ татаж, 2 нэр дэвшигчийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, үлдсэн 13 нэр дэвшигч дээр санал хураалт болжээ.
Хуралдаанаас нийт шүүгчийн олонхийн санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Ж.Эрдэнэбулган нь МУИС-ийн Нийгмийн ухааны факултетийн хуулийн ангийг зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д Хууль зүйн докторын зэрэг хамгаалсан юм. Ажилласан байдлын хувьд, Дундговь аймгийн шүүхэд зарлага, нарийн бичгийн дарга, МУИС-ийн Хууль зүйн сургуульд Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, дэд профессор, Сургалтын албаны эрхлэгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиралаар ажиллаж байсан юм.
Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нийт шүүгчийн олонхийн санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй зарлаж хэлэлцэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна