Байнгын хороо: Ж.Эрдэнэбулганыг цэцийн гишүүнд дэмжлээ

2021/03/24

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэв. Нэр дэвшигчийн талаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг танилцууллаа.

Улсын дээд шүүхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэйгээр зохион байгуулсныг танилцуулгад дурдав.

2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, 18 хүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлт гаргажээ. Нийт нэр дэвшигчдийн хоёр нь төрийн албан хаагчийн насны дээд хязгаарыг давсан гэх үндэслэлээр оролцуулаагүй бол гурав нь нэрээ татсан байна. Ийнхүү дээрх хуралдаанаар 13 нэр дэвшигч өрсөлдөж, Жуужаагийн Эрдэнэбулган нь хамгийн олон санал авсан  гэв. Иймд Улсын дээд шүүхээс Ж.Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулахаар саналаа хүргүүлжээ.

Нэр дэвшигч Жуужаагийн Эрдэнэбулганы товч намтар:

1970 онд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн. 51 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1988 онд Дундговь аймгийн I арван жилийн сургууль, 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, 1995 онд хууль зүйн ухааны магистр, 2012 онд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

  • 1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, нарийн бичгийн даргаар
  • 1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор
  • 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны эрхлэгч
  • 2012-2014 онд мөн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн
  • 2012-2015 онд мөн сургуулийн Ёс зүйн зөвлөх
  • 2013 оноос Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн, 2015-2018 онд Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн
  • 2016 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн
  • 2015 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа юм байна.

Ингээд Жуужаагийн Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах Улсын дээд шүүхийн саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлүүлэхээр боллоо.

Эх сурвалж:www.polit.mn



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.104
    2021/03/25

    Үндсэн хуулийг цэцэд ийм л хүн хэрэгтэй байгаа юм даа. Шалгуурыг бүхэн хангана. Дэмжиж байна.

    Хариулах