Д.Сумъяабазар: Нийтийн тээвэрт богино хугацаанд парк шинэчлэлт хийнэ

2021/03/25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа. 

-Өнгөрсөн долоо хоногт эмнэлгийн газартай холбоотой асуудал олны анхаарлыг татсан. Та үүн дээр дорвитой өөрчлөлт гарна, хавдрын эрт илрүүлгийн оношилгооны төв байгуулна гэсэн. Ер нь сургууль, эмнэлгийн газар зардаг асуудал үеийн үед яригддаг, шүүмжлэл дагуулдаг. Газартай холбоотой асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Улаанбаатар хотын хамгийн том сэдвийн нэг бол газар. Хоёрдугаарт, барилга, хот байгуулалт, хот төлөвлөлттэй холбоотой асуудал. Барилгын зөвшөөрөл олгох тал дээр иргэд нэлээд бухимддаг. Иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, нийгмийн салбарын байгууллагын эзэмшиж байгаа газраас алдагдаад байгаа асуудал.

Тухайн үеийн удирдлагууд шийдвэр гаргасны дагуу газрын албаны хариуцаж байгаа хүмүүс газрыг хуульд нийцүүлээд олгодог. Нийгэм, эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ явуулж байгаа байгууллагын ойр орчмын газрыг хуулийн хүрээнд олгодог гэж тайлбарладаг. Тухайн байгууллагын ажилтан, албан хаагчид, орон нутгийн иргэд ч хүсэлт гаргадаг. Нийслэлийн Засаг даргын удирдлагын баг Улаанбаатар хотод зөвшөөрөл олгосон газруудад хяналт тавьж, давхар мониторинг хийж байгаа. 116 барилга зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гэсэн асуудал яригдсан. Олгосон газарт зөвшөөрөлгүй барилга барьсан эсвэл газрын гэрчилгээгүй газарт барилга барьсан асуудал олон байна. Үүнийг судлаад үүрэг, чиглэл өгсөн. Газартай холбоотой маргаан дэгдээж байгаа, хууль, дүрэм зөрчсөн асуудлыг нэг талд нь гаргах, үйл явцын шатандаа эсвэл тухайн албан хаагчдын хариуцлагагүй үйлдлээс болсон төлбөрийн асуудал, төлбөрөө төлөөгүй хойшлуулсан, хүндэтгэх шалтгаантай эсэхийг тодруулж, их хотын бүтээн байгуулалт буюу хаврын их ажил эхэлж байгаа энэ цаг үед түргэн, шуурхай шийдэхээр үүрэг даалгавар өгсөн.

Эрүүл мэндийн салбар тэр дундаа ХӨСҮТ, ХСҮТ-ийн газартай холбоотой санал, хүсэлт их ирдэг. Үүнтэй уялдуулаад тухайн байгууллагын ажилтан, албан хаагчид, удирдлагуудтай уулзсан. Тухайн байгууллагын алдагдсан газрыг эргүүлж өгөх, байгууллага нь тэндээ хавдрыг эрт илрүүлэх төв, 24 цагаар ажиллаж байгаа албан хаагчдын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг байгуулах ажилд нь нийслэл дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан. ХСҮТ-ийн ард зөвшөөрөлгүй гарааш байгааг эзэмшигчидтэй уулзаж, зөвшилцөх ажлыг нийслэл өөр дээрээ авч байгаа. Цаашид энэ мэтчилэн олгосон сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, нийгэм, шинжлэх ухааны байгууллагын газрыг буцаан авч, хууль дүрмийн хүрээнд ажиллана. 

-Газартай холбоотой асуудал хөндөгдөхөөр иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг шүү дээ?

-Газар гэхээр иргэд эмзэг ханддаг. Би нэг зүйлийг тодорхой хэлье. Газар авсан иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд хууль, дүрэм журмын хүрээнд газрын асуудалдаа хандахыг хүсч байна. Газрын төлбөр, дуудлага худалдааны төлбөрөө төлөөгүй, зөвшөөрөл авсан газартаа барилгаа 2-3 жилийн хугацаанд бариагүй асуудал гардаг. Үүний дагуу асуудал хөндөгдөж, газрын маргаан үүсдгийг газрын албаны холбогдох мэргэжлийн хүмүүс байнга хэлдэг. Иргэддээ хандаж хэлэхэд эзэмших гэрчилгээ авсан, орон сууцны зөвшөөрөл авч байгаа тохиолдолд хууль, дүрмийнхээ хүрээнд ажиллах хэрэгтэй. Ингэж байж төр, иргэнийг холбосон ойлголцол зөв шатандаа гарна. Хэн нэгэн хариуцлагагүй ажилтны улмаас газрын төлбөрөө төлөөд явж байгаа иргэд хохирох асуудал гарч байгаа. Асуудал хаа хаанаа байна. Үүн дээр мэргэжлийн байгууллагууд аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, асуудлыг хуулийн хүрээнд шийдэхэд дэмжлэг үзүүлэх, болохгүй бол өөр газар дүйцүүлэн олгох зохицуулалт хийж байгаа.

Богд уулыг тойрсон газрын маргаан Улаанбаатар хотын хамгийн төвөгтэй асуудлын нэг болсон. Яармагийн бүсэд хотын эзэмшлийн 870 га орчим газар дээр БОАЖЯ зөвшөөрөл өгсөн. Гэтэл зөвшөөрөл олгож болохгүй маргаан их байна. Энэ мэтчилэн асуудалд хотын захиргаа хуулийн хүрээнд хандаж зохицуулахаар УИХ-ын түвшинд ярих, БОАЖЯ-аар дамжуулж хил хязгаарыг тогтоохоор бэлдэж байна. 

-Нийтийн тээврийн салбарт ямар шинэчлэл хийхээр төлөвлөж байна вэ?

-Хотын хамгийн чухал үйлчилгээний хэсэг бол нийтийн тээвэр. Бид үүнд онцгойлон ач холбогдол өгч ажиллаж байгаа. Нийтийн тээвэр дотроо автобус, такси үйлчилгээ чухал. Дэлхийн нийтийн тээврийн хөгжлийн хамгийн зөв хувилбар бол метро. Метроны асуудлыг бараг жил бүр, Хотын дарга солигдох бүрт ярьдаг. 2008 оноос хойш Улаанбаатар хотыг метротой болгоно гэж сонгууль бүрээр ярьсан. Энэ нь хэрэгждэггүй, хэрэгжих бололцоогүй, эдийн засгийн суурь судалгаагүй байдаг.  Эдийн засгийн судалгаагаа хийгээд, техник эдийн засгийн үзүүлэлтээ харахаар ашигтай, ашиггүйн тухай ярьдаг. Дагаад хөрөнгө оруулалтын асуудал яригддаг. Хөрөнгө оруулалтын асуудал ярихаар эрсдэл өндөртэй, зээлжих зэрэглэлд богино хугацаатай, өндөр хүүтэй эх үүсвэрүүд санал тавьдаг. Иргэддээ зөв ойлгуулахгүй бол метро барина гэсэн хүлээлт 2008 оноос хойш байсан. Үүнийг хийхийн тулд бид өөрсдөө манлайлж, зардал, өртгөө тооцох ёстой.

Монголчуудыг төмөр зам барьж чадахгүй, барууны өндөр технологи нэвтэрсэн орон эсвэл Япон, Солонгосын туршлагатай компаниуд төмөр зам тавьдаг гэсэн ойлголт 2018 он хүртэл байлаа. Төмөр зам барих асуудалд У.Хүрэлсүх даргын үед зоригтой шийдвэр гарч, ҮАБЗ-д оруулж явуул гэдэг үүрэг өгч байсан. Би тэр үед Уул уурхайн яамыг хариуцаж байсан. Энэ хүрээнд үндэсний бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. Төрийн нэгдсэн ойлголтын үр дүнд бүтээн байгуулалтын бүх ажилд хөрөнгө санхүү, бодлогын хувьд дэмжлэг үзүүлж ажилласан. Энэ зангилаан дээр одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байсан. Ингээд харахаар, чадахгүй, бүтэхгүй гэдэг бол хий хоосон яриа. Өнөөдөр эрдэм боловсролтой, чадалтай, бүтээн байгуулалтад гар бие оролцоод босгоод ирье гэсэн залуус манайд олон байгаа. Метроны асуудлаар ажлын хэсэг байгуулъя, ЖАЙКА-гийн хийсэн судалгааг өөрсдөдөө суулгая, Батлан хамгаалах яамтай ярья гэж байгаа. Оюутолгойн гүний уурхайд 1350 метрийн гүнд хүнд даацын машин, техник хэрэгсэл явах хонгилын систем хийчихсэн. Оюутолгойн гүний уурхайн ухалт малталтыг стандартын дагуу хийж байгаа нь Монголын компани. Улаанбаатар хотод гол зам дагуу 17 км орчим хонгилын байгууламж барих монгол залуучууд бий. Энэ компаниудтай, Жанжин штабтай бид уулзалт хийх гэж байна. Энэ бол үндэсний хэмжээний том бүтээн байгуулалт, 6-7 жилийн хугацаанд хийх байх. Тооцоо, судалгаатай, шинжлэх ухааны тооцоололтой, боловсон хүчний нөөцөө судалж үндэсний хэмжээний бүтээн байгуулалт болгоно.

Энэ ажилд Зам, тээврийн хөгжлийн яам оролцоно. Ерөнхий сайдад танилцуулахаар бэлдэж байгаа. Бид 16 км хоёр замтай нэг урт шугамыг хотдоо барьж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Хэдэн км, хэдэн давхар метро барих нь асуудал биш. Гадны улсын мэргэжлийн зөвлөх авна, тэд ажиллана. Гол нь үнийн санал, хөрөнгө оруулалтын асуудлыг яах вэ, бид ямар хугацааны эх үүсвэрийг татах вэ гэдэгт урьдчилсан байдлаар тооцоо, судалгаа хийх, хэдий хэмжээний хөрөнгө, санхүү хэрэгтэй болох, хэдэн жилийн дараа үүнийгээ нөхөх вэ гэдгийг бид нарийвчлан судалж байгаа. Үүний өмнө хийх нэг ажил бол хөнгөн галт тэрэг. Энэ бол урт болон дунд хугацаанд хийх ажил. Богино хугацаанд нийтийн тээвэрт шинэ автобус худалдаж авах ажлыг өргөн хүрээнд хийх бодолтой байгаа. Жишээлбэл, өнөөдөр 900 автобуснаас 650 орчим нь чанарын шаардлага хангахгүй болчихоод байна. Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулахаар Улаанбаатар хөгжлийн корпораци судалгаа хийж байна.

-Хотын гудамжинд амархан шатдаг, хямд гэрэл олон байна гэдэг. Та ажил аваад удаагүй ч хотын гудамжаар хэр алхаж байна вэ?  

-Манай хотод энэ асуудлыг жигд хөгжүүлсэн газар ховор байна. Төрийн ордныг тойроод зөвхөн машин эргэлтэд зориулсан замын хашлага байна. Явган хүнд зориулж замаа налуу байдлаар хийгээгүй газруудыг засах хэрэгтэй. Явган хүний зам төв замтай нийлээд алга болчихдог асуудал ч байна. Энэ мэтчилэн хүн рүүгээ чиглэсэн ажлуудыг хийж, эхнээс нь цэгцэнд оруулаад явна. Улаанбаатар хотын стандартыг бүх түвшинд гаргаж ирнэ. Стандарт гэхээр зөвхөн бүтээгдэхүүн дээр байдаг гэж ойлгож болохгүй. Төрийн бичиг хэрэг стандарттай байдаг шиг үйлчилгээний, барилгын, аюулгүй байдал, автобус, такси ч стандарттай. Манайх энэ стандартуудаа нэгдсэн байдлаар эмхэтгээд, яг энэ стандартаар барилга, зам барина, гэрэлтүүлэг хийнэ гэж хүн рүүгээ чиглэсэн байх ёстой. Иргэндээ ээлтэй хот болно гэж бодлогын бичиг баримт гардаг. Түүндээ хүрсэн стандартаа гаргаж, дүрэм журмаа зохицуулж өгөх хэрэгтэй. Үүнийг хийх үүрэг, чиглэлийг холбогдох удирдлагуудад өгсөн. Хотын ажил эндээс эхэлнэ.

Улаанбаатар хот Энхтайваны, Чингисийн хоёр том өргөн чөлөөтэй. Гадны зочид төлөөлөгчид явдаг гол зам Чингисийн өргөн чөлөө. Манай иргэдийн гол явдаг нь Энхтайваны өргөн чөлөө. Энэ хоёр өргөн чөлөөгөө олон улсын түвшинд хүрсэн, хотын стандартад нийцсэн, шаардлага хангасан болгох хэрэгтэй. Иргэд шөнө алхаж байхдаа, замын хөдөлгөөнд оролцохдоо гэнэтийн осолд орохгүй байх зохицуулалтыг хийх ёстой. Улаанбаатар хотын ерөнхий удирдлага буюу гэрэлтүүлэг, камерийг хянадаг газрыг шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Ингэж байж бид хотоо бүрэн хянах, гэмт хэрэг хаана гарч байгааг бүрэн хянах боломжтой. Улаанбаатар хотын гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулснаар гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл, дээрэм, гэмт хэргийн гаралтад анхаарал хандуулж ажиллана. Түүнийгээ хэрэгжүүлдэггүй эсвэл мэддэггүй, хэрэгжүүлэхийг хүсдэггүй байж болохгүй. Төрийн алба өөрийн гэсэн дүрэмтэй, хугацаатай, үүрэг чиглэлтэй явдаг. Хотын удирдлагууд иргэддээ түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй. Хүнд суртал, захиргааны дарамтаас иргэд залхсан. Үүнийг эрс багасгана гэж байнга хэлж байгаа. Нийслэлийн хэмжээний харьяа байгууллагууд, есөн дүүргийн бүх төрийн албан хаагчдад үүрэг, чиглэл өгч ажиллахад тодорхой хугацаа хэрэгтэй. Иргэдийн аюулгүй байдлыг хангах агентлаг байгуулахаар судалгаа хийж байгаа. Барилгын ухсан нүхэнд ус дүүрч, хүүхэд унаж эндэх, өндөр хүчдэлийн шугаманд цохиулж нас барах, гэмт хэрэгт өртөх гээд олон эрсдэлтэй бүс хотод байна. Энэ бүгдийг есөн дүүргийн хэмжээнд судлаад, агентлагийн хүмүүс эрсдэлтэй хэсгийг тэмдэглэж, улаан туг хатгах, үүнийг засварлаж нэгдсэн мэдээллийн санд оруулах, стандарттай болгох ажлыг давхар хийнэ. Энэ нь энгийн хэрнээ иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж байгаа том ажил гэж бид дүгнэж байгаа.

-Та Улаанбаатар хотын унаган иргэн. Таны хүүхэд байхад байсан орчин өнөөдөр яаж өөрчлөгдсөн бэ гэдгээс хотын хөгжил харагдах болов уу?

-Би хоёрдугаар төрөх эмнэлэгт төрсөн. Хуучин Октябрийн район буюу одоогийн Чингэлтэй дүүрэг, Үндэсний телевизээс зүүн хойшоо миний өссөн орчин байгаа. Миний өссөн гудамж, тоглож байсан газарт одоо чанарын ялгаа харагдахгүй байна. Гэр хорооллын орчинг өөрчилнө гэж ярьдаг ч хийж, хэрэгжүүлэх талдаа жаахан хойрго ханддаг. Г.Мөнхбаяр даргын үед гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, тэнд нь төлөвлөлт хийх ажлыг эхлүүлсэн. Э.Бат-Үүл даргын үед газрыг дахин төлөвлөж, орон сууцны хороолол барьж байгуулаад, гэр хорооллын амьдралын чанарыг өөрчилнө гэсэн том зорилт тавьсан. Энэ хоёр бодлого хоёулаа зөв байсан. Гэхдээ гүйцэтгэл дээр алдаа гарсан. Одоо эхнээс нь засаад хийгээд явж байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах нь нийслэлийн бодлогын хамгийн гол асуудал. Мэдээж үүнд замын асуудал ярина. Хурдны зам тойрсон газрын үнэ цэн, дэд бүтцийн шугам сүлжээний асуудал, тэнд байгаа газар эдийн засгийн эргэлтэд орох зэрэг олон сайн үр дагаврыг гаргаж ирнэ. Ингэж байж бидний үеийн орчин өөрчлөгдөнө.

-Хотын эрх зүйн байдлын тух ай хууль нэг тийш болоогүй байгаа. Үүнийг шийдэж байж төсөв, санхүүгийн ажил яригдана. Энэ хаврын чуулганаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг эцэслэн шийдэх болов уу?

-Энэ сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиа оруулж, УИХ-д өргөн барих тов байна. Энэ хуулийг өргөн барьснаар хотын санхүүгийн бие даасан байдал нь тодорч гарч ирэх зайлшгүй шаардлагатай. Эрх зүйн зөв шинэчлэл, зохицуулалтгүйгээр хотын хөгжлийг тодорхойлох аргагүй. Тодорхойлоогүй шалтгаан нь өнгөрсөн хугацаанд хот гэдэг айл маань өөрөө төсвийн хараат, олон талын оролцоотой явж ирсэн. 1.5 сая иргэний эрх ашгийг хамгаалж ажиллах гол зохицуулалт бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль мөн. Үүнийг эртнээс батлуулсан бол хотын ажил, амьдрал одоогийн түвшнээс өөр гарах байсан нь ойлгомжтой. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд олон зохицуулалтын асуудал байгаа. Хоёрдугаарт, нийслэлийн эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргаж ирнэ. Улаанбаатар тусгай чиг үүргийн статустай хот. Энэ хотод эдийн засаг, нийгмийн бие даасан байдлыг бий болгох асуудал тулж ирсэн. Үүнийг шийдэхээс өөр гарц байхгүй.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирж байж хууль, эрх зүйн байдлаасаа дархлаа тогтож, хамгаалалттай болно гэсэн үг. Нөгөө талаас засаглалын хувьд шатлал ахина. Хотын Засаг дарга Засгийн газрын гишүүн байхаар хуулийн төсөлд оруулсан. Тэгж байж хот гэдэг бодлогыг хамгаалахгүй бол Соёлын яам нь соёлын төв өргөөгөө, БХБЯ нь газрын алба, барилгын ерөнхий төлөвлөгөөний газраа, ЭМЯ нь Нийслэлийн эрүүл мэндийн газраа, БШУЯ нь Нийслэлийн боловсролын газраа хариуцна гэдэг байж болохгүй. Хот гэдэг иргэдийнхээ төлөө ажилладаг, хяналтаа тавьдаг, гүйцэтгэдэг, үйлчилгээгээ үзүүлдэг цогцолбор төв. Тиймээс Улаанбаатар хот маань 1.5 сая иргэнийхээ соёл, үзвэр, үйлчилгээг зохион байгуулах Соёлын төв өргөөгүй байж болохгүй. Сумын төв, аймгийн төвүүд ч соёлын төвтэй байдаг. Хотын нэгжийн хуулийг дагаад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай дагалдах төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга орж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.226
    2021/03/25

    Эрхэмсэг аварга энэ зууны топ улс төрчдийн манлайлагч мисс эхнэрт аймшигт чивэлт хэл амтай хотыг удирдаж байгаа эрэлхэг зоригт ханхүү мину сэтгэл болоод зориг зүрхийг тань магтан дуулж алдаршуулмой.Үе үеийн хотын дарга нар энэ парк шинэчлэлийг хийх гээд үүнэхээр бараагүй хугацаа нь дуусаад чад болцгоодог юм учир нь япон солонгосын хог дээ хаячихсан автобуснуудийг шинэ автобусны үнээр авчраад шахаад энэ автобуснууд хэдхээн хоног яваад миний монголын зэрлэг болоод өршөөлгүй өвөлд хэмх хамх үсрээд ямбий муусайн үхэл ханхлуулсан вдаг авс болчихдог юм даа хөгшөөн.Асемын автобуснуудыг яасан бэ? Элбэгдорж зараад идсэн үү? тэр муу хүзүүгүй хулгайчаар ямбий автобусыг жолоодуулаад явуулаач энэ бодлоо орхисон нь дээр юун парк шинэчлэл түрүүчиихээ авснуудыг яаяа гэж байна түүнийхээ оронд энэ автобус нэгтгэлд өндөр шаардлага тавиад автобусны буудлуудаас хүн хайж давхисан таксичдад даалгахад тэд ёстой алаад арьсанд нь боогоод тавьчихнаа Эрдэнэт Дархан ингэж шийдсэн одоо өвчин зовлон их болсон энэ шийдлийг судалж үзээд надад хариу мэдэгдээрэй

    Хариулах