Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааны шийдвэрийн дагуу УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ 3.1.2 дахь заалтад өөрчлөлт оруулсан нь сөрөг хүчний шүүмжлэлийн бай болов. Тус заалтыг дараах байдлаар өөрчилсөн юм.
3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;
/Энэ заалтын “...50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан,...уугуул...” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаар дүгнэлтээр 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./
/Энэ заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
Үүнтэй холбоотойгоор "Сүүлийн таван жил эх орондоо байнга оршин суугаагүй хүн ч Ерөнхийлөгчид нэр дэвшиж болох нь", "Эрх баригчид өөрийн нэр дэвшигчдээ зориулж энэ залтыг өөрчиллөө" гэх мэт шүүмжлэл өрнөсөн.
Гэвч энэхүү зохицуулалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиас хассан ч Үндсэн хуульд байгаа юм. Тодруулбал, Үндсэн хуулийн 30.2-т "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэсэн заалт бий.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна