Шинэ жилийн баяр болохоор багачуудын хүсэн хүлээдэг зүйлсийн нэг бол яах аргагүй өвлийн өвөө байдаг. Мөн өвлийн өвөөгөөс бэлэг хүлээн суудаг хүүхдүүд ч цөөнгүй бий. Гэвч хүссэн хүүхэд болгон бэлэгтэй болж чаддаггүй.
Ид шидийн орон, лантуун дохио гээд бусдад тусалдаг төрийн бус байгууллагууд байдаг ч бид энэ удаад 45-р сургуулийн ахлах ангийн сурагчдыг онцлон, тэдний хийсэн бяцхан сайн үйлсийн аяныг сурвалжиллаа.
45-р сургуулийн ахлан ангийн сурагч О.Дөлгөөн, Э.Цэлмэг, Г. Гэгээнжаргалан, Б.Мөнхжн, А.Санчир, Б.Сүндэръяа нар өөрсдийн санаачлагаар сургуулийнхаа сэтгэл судлаач Б.Бибишийн хамт сайн үйлсийн аянг эхлүүлжээ. Тэд 16 хоногийн турш бусдаас хандив цуглуулж 213 мянган төгрөг босгож чаджээ.
Цугларсан хандивын мөнгөөрөө 20 хүүхдийн бэлэг бэлдэж, Улаанбаатар хотын захын дүүргүүдээр явж тараажээ. Гэхдээ тэд хүүхдүүдийг хэцүү амьдралтай гэж ялгалгүйгээр бэлгээ тараасан гэдгээ онцолж байлаа.
45-р сургуулийн сэтгэл судлаач Б.Бибиш: Миний хувьд клубын сурагчдынхаа санаачилсан бүх зүйлсийг дэмжихийг хүсдэг.Учир нь хүүхдүүдээс маш олон эерэг, бусдад нөлөөлөхүйц гайхалтай санаанууд гардаг.Бэлэг тараах санааны хувьд надад маш их таалагдсан.Өмнө нь хэд хэдэн удаа шинэ жилийн баяраар бяцхан хүүхдүүдэд бэлэг тараадаг байсан ч энэ удаагынх маш онцгой байсан. Учир нь би өмнө нь гэр бүлийн асуудалтай боломж бололцоо муутай хүүхдүүдийн бүртгэлийг харж байгаад айлуудаар тараадаг байсан бол энэ жил бид зүгээр л гэр хорооллын гудамжаар ээжтэйгээ, аавтайгаа, найзуудтайгаа хөтлөлцөөд явж буй бяцхан хүүхдүүдэд бэлгээ тараасан. Яагаад заавал тэднийг ар гэрийн боломж бололцоо муутай гэж онцлох ёстой гэж. Хүүхэд бүр л баярлаж аз жаргалай байх ёстой. Манай сэтгэл зүйн клубын хүүхдүүд өөрсдөө өвлийн өвгөн, цасан охин болж, бэлгээ аваад баярлаж байгаа тэдгээр бяцхан хүүхдүүдийн баяр хөөр, сэтгэл хөдлөл, аз жаргалыг бодитоор мэдрэхийг хүссэн явдал, үнэхээр гайхалтай. Магадгүй 2021 онд 20-н хүүхдийг баярлуулсан бол дараа жил 40,100 гэх мэтээр жижигхэн уутанд боосон аз жаргалыг илүү олон хүүхдэд түгээнэ гэдэгт итгэлтэй байгаа.
Б.Мөнхжин: Би үнэхээр хүүхдэд туслах дуртай. Сайн үйлсийн аян хийх юмсан гэж 2,3 жил бодож явсан. Өөрөө ч жоохон байсан учраас хийж чадахгүй л яваад байсан. Харин энэ жил мөрөөдлөө биелүүлсэндээ маш их баяртай байгаа. Хүүхдэд туслах тэр тусмаа хэцүү амьдралтай дүү нартаа туслах, бэлэг аваад баярлаж байгаа тэр мэдрэмж нь нүднээс нь шууд харагдаж байсан.
Г.Гэгээнжаргалан: Хүүхдүүдэд бэлэг өгөөд баярлаж байгаа царайг нь харах хөөрхөн байсан. Өвлийн өвөө болоод явж байхад хүүхдүүд намайг хараад үнэхээр их баярлаж байсан. Мөн өвлийн өвөөгийн гараас бэлэг авахдаа инээгээд, их жаргалтай болсон. Тэр мэдрэмжийг харах л маш сайхан байсан даа.
Тэд бусад шиг том бэлэг бэлдээгүй ч сэтгэлээ шингээн бяцхан бэлэг бэлдэж хүүхдүүдэд өөрийн гараар өгсөн нь төсөөлж байгаагүй их баяр баяслыг бэлэглэжээ. Хэдий тэд өөрсдөө даарч байсан ч бэлэг аваад баярлаж байгаа хүүхдүүдийг хараад аз жаргалаар дүүрэн байсан талаараа бидэнд хуваалцлаа.
Тэд өөрсдөө ч гэсэн хүүхэд. Гэхдээ бусдад туслах чин хүсэлдээ хөтлөгдөн сайн үйлсийн аянг санаачилж хийсэн нь энэ юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна