Нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа 6,000 гаруй өрх айлд түлш өгнө

2021/12/27

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр анхаарал татсан удаах асуудал нь агаарын бохирдлыг бууруулах тухай байв. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн агаарын чанар сайнгүй байсныг Хотын дарга дурдаад, сайжруулсан түлшний хэрэглээ ямар байсныг холбогдох албаныхнаас тодруулав.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн:

-Арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 607 цэг ажиллаж байна. Борлуулалтын хэмжээ өдөрт 3,800 тонноос буухгүй байна. Шахмал түлшний нөөц 24,035 тонн байна. Он дуустал энэхүү нөөцөөс борлуулалт хийхгүйгээр үйлдвэрлэлээс шууд нийлүүлэх боломж байна. Борлуулалтын цэгүүдэд түлшний нийлүүлэлтийг жигд байлгах үүднээс түлшийг өглөө, үдээс хойш гэсэн хуваариар нийлүүлж зохицуулсан. Түүхий нүүрсний хэрэглээ их байна гэсэн гомдол олон ирсэн. Тиймээс 102 тусгай дугаарт түүхий нүүрс хэрэглэж буй айл өрхийн тухай болон түүхий нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүд шүүлтүүрээ унтрааж байгаа, зориулалтын бус түлш хэрэглэж байгаа тухай мэдээллүүдийг хүлээн авдаг болсон.

Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэдэг нам даралтын 2,700 гаруй зуух байна. Эдгээрийн нүүрсний хэрэглээг аажмаар бууруулах ажлыг хийж байна гэлээ.

Сүүлийн өдрүүдэд агаарын чанар сайнгүй байгаа нь стандартын зуухны тоо буцаад цөөрч байгаатай холбон тайлбарлаж байлаа. Тиймээс дутуу шаталт явагдаж, агаарт бохирдуулагч бодисууд үүсэж байгаа аж. Түүнчлэн Хотын даргын зүгээс орлого багатай иргэд, айл өрхүүд дугуй, хаймар болон хог шатааж байх магадлалтайг сануулаад, тэдгээр өрхөд өгч буй иргэдийн түлшний тусламжийн талаар тодруулсан юм. Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас дараах тайлбарыг өглөө.

"2022 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд 6,000 гаруй өрхөд 5,500 тонн сайжруулсан шахмал түлшийг түгээхээр төлөвлөн ажиллаж байна. Нэн ядуу, бага  орлоготой, амьжиргааны 409 онооноос доош орлоготой 73 мянган өрх бий. Тэдгээрээс нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа 6,000 гаруй өрх айлд түлшний тусламж өгнө" гэж Нийслэлийн ЗДТГ-ын ХМХХ-ээс мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна