ХУУЛЬГҮЙ ДОР ХУЛГАЙ: Дуртай хүнээ албан тушаалд томилж, тендергүй худалдан авалт хийх зургаан сар !

Өчигдөр 11 цаг 06 минут

Шинэ оны өмнө УИХ хуулиудыг зай завсаргүй, олноор нь батладаг жишиг аль ч Парламентад ажиглагддаг. Тэгвэл 2021.12.30-ны өдөр Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг энэ оны зургаадугаар сарын 30-ныг дуустал сунгасан.  

Уг хуулийг дэлхий дахинд тархаад буй КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор уг хуулийг УИХ 2020 оны дөрөвдүгээр сард баталж байсан. Улмаар тус оны сүүлчээр нэмэлт өөрчлөлт оруулан дахин сунгасан юм. 

Тус хуульд цар тахлын хүнд үед иргэдэд хүндрэл учруулахгүй байх, УИХ, УОК, Засгийн газар цаг алдалгүй хурдтай шийдвэр гарган ажиллах, ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг царцаах, шаардлагатай үед төсөвт зохицуулалт хийх эрх Засгийн газарт олгосон зэрэг олон зохицуулалт орсон. 

Нөгөө талаар хэд хэдэн заалт иргэдийн шүүмжлэлийг хүртээд буй. Тодруулбал хяналтгүй, шалгаруулалтгүй байгаа нь өөрөө хууль бус томилгоо, хяналтгүй төсөв зарцуулалт гаарч байна хэмээн үзэж байгаа юм. 

Сонгон шалгаруулалтгүй томилгоо үргэлжилнэ

Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн өндөр албан тушаалтнуудыг сонгон шалгаруулалтаар томилдог. Гэтэл Цар тахлын тухай хуулиар шууд томилдог болсон. Өнөөдөр 60 гаруй төрийн өндөр албан тушаалтан шууд томилгоотой түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Түүнчлэн 1000 гаруй албан тушаалтныг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон тухай Төрийн албанаас мэдээлж байсан. Тухайлбал, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж, албан тушаалд томилсон 519 хууль бус томилгоог илрүүлжээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төрийн албанд шинээр элсэгчдээс шалгалт авалгүй оруулж байсан нь иргэдийн хэлдгээр "цүнх баригч", "намын гишүүн"-ээ томилж байна гэх хардлага буй юм.

Цар тахлын тухай хуулийн үйлчлэлийг сунгасан нь томилогдсон хүмүүсээ албан тушаалд нь байлгах зорилготой гэх хардлага байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ: "Энэхүү хуулийн хүрээнд томилогдсон албан тушаалтан бүр хууль зөрчсөн гэж ойлгож болохгүй. Энэ дотор Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагаа хангасан, хуулийн хүрээнд томилогдон ажиллаж байгаа олон албан тушаалтан байгаа. Харин хуульд заасан шаардлага хангаагүй иргэнийг албан тушаалд томилсон асуудал тодорхой хувийг эзэлж байна. ТАЗ-өөс холбогдох тооцоо судалгааг гаргаж яваа” гэв.

Харин "Цар тахлын хууль"-ийг сунгахыг Т.Доржханд, С.Ганбаатар Б.Пүрэвдорж тэргүүтэй зарим гишүүд эсэргүүцэж буй юм.

Засгийн газар зардлаа хэтрүүлэх ёсгүй, төрийн алба мерит зарчмаараа явах ёстой, тендер зарлахгүйгээр худалдан авалт хийх нь буруу

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “Гурван зүйлийг зөвшөөрч болохгүй. Нэгдүгээрт, Засгийн газар тодорхой хэмжээний зардлынхаа хүрээнд зардлаа хэтрүүлэхгүйгээр эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах ёстой. Хоёрдугаарт, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, яамд руу хөрөнгө оруулалт тавиад байна.

Цүнх барьдаг, төрийн албан хаагчийн шалгалтаа өгч чаддаггүй 2000 хүнийг шууд төрийн албанд авсан. Мөн дээрээс нь 600 гаруй хүнийг албан тушаал ахиулсан. Тиймээс шууд томилгоог болиулж, мерит зарчмаараа явах хэрэгтэй. Гуравдугаарт, аж ахуйн нэгжүүд тендер зарлахгүйгээр гэрээгээр худалдан авалт хийж байна. Дээрх асуудлыг “зөв” болговол энэ хууль үргэлжилж болох юм” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: " УИХ төсөвт хяналт тавих эрхгүй болсон. Төсвийг зүйл, заалт болгоноор нь баталдаг. Зүйл заалтуудыг хооронд нь шилжүүлээд захиран зарцуулах эрх нь хуулиар Засгийн газарт олгогдсон. Үр дүнд үр ашиггүй хөрөнгө оруулалт, зардал гарлаа. 

Засгийн газар сүүлийн хоёр жилд Цар тахлын хуулиар засаглалаа. Үр дүн гарсангүй. Засгийн газрын бүх томилгоонууд Цар тахлын хуулийн дагуу, сонгон шалгаруулалтгүйгээр явагдаж байна. Яамны төрийн нарийн бичгийн дарга гэхэд хамгийн багадаа 16 жил, найман жилд нь газар, хэлтсийн даргаар ажилласан байх ёстой. Туршлагагүй, бичиг цаасны ямар ч соёлгүй хүмүүс төрд ажиллахаар гаргаж байгаа шийдвэр нь судалгаагүй, үр дүнд хүрэхгүй байна. 

Алга ташуулж байгаа бодлого нь цаасан нь дээр болон хэрэгжилтийн хувьд өөр байна. Цар тахлын хуулийг зогсоогоод бусад хуульд өөрчлөлт оруулах хангалттай хугацаа байхад хууль бус үйлдлээ тухайн хуулийн ард халхавчлах нь буруу" гэв. 

Цар тахлын хууль батлагдсанаас хойш жил найман сар өнгөрчээ. Зургаадугаар сар хүртэл сунгах шийдвэр гарснаар хоёр жил гаруйн хугацаанд тус хууль үйлчилж, боловсролын байгууллагын үйл ажиллагаанаас эхлээд бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Теле, цахим хичээл сурагчид үзсэн ч хичээлийн хоцрогдолд оровХуулийн хүрээнд, өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтыг тодорхой хугацаанд теле, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах журам батлагдан удаан хугацааны турш сурагчид цахимаар болон теле хэлбэрээр хичээлээ үзсэн. Ингэснээр дийлэнх сурагчид хичээлийн хоцрогдолд орох, багш, эцэг эхчүүдийн ачаалал нэмэгдэх зэрэг сөрөг нөлөө үзүүлсэн. 

Бизнесийн салбарын хувьд айдастай хагас жилийг өнгөрөөнө

Цар тахлын хуулийг сунгана гэдэг нь ямарваа нэг зүйлийг хязгаарлаж байна гэсэн үг. Шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд нь бизнесээ дэмжинэ гэж хэлж байгаа ч нөхцөл байдал яаж эргэхийг хэн ч мэдэхгүй. Дээрээс нь дээрх хуулийг сунгасан нь хөл хорио тогтоох, бизнесийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах эрхээ хэвээр үлдээж байгаа үйлдэл юм.

Цар тахлын тухай хууль хэрэгжснээр маш олон үйл ажиллагааг, цагийн хуваарийг хязгаарлаж, жижиг дунд бизнесүүд дампуурсан. Иргэд аж ахуйн нэгжүүд зээлээ төлж чадахгүйд хүрсэн зэрэг олон хүчин зүйл нийгэмд бий болсон.

Ямартай ч цар тахлын хууль сунгагдсан нь аж ахуй нэгжүүдэд ялангуяа жижиг дунд бизнес, үйлчилгээний байгууллагуудын хувьд "муу" мэдээ: Хэзээ, хэрхэн хааж боогдуулах бол, торгох бол хэмээн айдастай хагас жилийг өнгөрөөх нь ээ. Мөнгө санхүүгийн урсгалын системийг зогсоох нь эргээд эдийн засагтаа сөрөг нөлөөтэй юм. 

Энэ мэтчилэн эерэг талтай ч эргээд олон сөрөг үр дагавар дагуулсан тус хуулийг дахин сунгаснаар дээр дурдсан нөхцөл байдал зургаан сарын турш үргэлжлэх бололтой. Цар тахлын нөхцөл байдал нэг үеэ бодвол дээрдсэн, эдийн засгаа эрчимжүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд буй энэ цаг үед сонгон шалгаруулалтгүй, тендергүй томилгоо худалдан авалтыг хазаарлаж төрийн албаны мерит зарчим, шударга өрсөлдөөний зарчмыг дагах хэрэгтэй. Хуульд заасны дагуу ямар нэгэн шийдвэр гаргаж болох ч  нийтийн эрх ашгийг хангах ёстой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна