Энхийг сахиулагчдын шинжилгээнд омикрон хувилбар байх магадлалтай

2022/01/06

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины дөрөвдүгээр тунг сайн дураар хийлгэх тогтоолын төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв. 

Судалгаагаар, вакцинд хамрагдсан хугацаа уртсах тусам хамгаалах чадвар нь суларч байгаа аж. Тиймээс дээрх тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлсэн байна. Иргэн гурван тун хийгээд өвдсөн бол өвдсөнөөс хойш 21 хоногийн дараа вакцин хийлгэх боломжтой талаар журам гаргахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар, Израил, Турк улсад дөрөвдүгээр тунг хийж эхэлжээ. 

Синофарм, Файзер вакцины нөөц хангалттай, зориулалтын газарт хадгалж байгаа бөгөөд энэ оны зургаадугаар сард хугацаа нь дуусна. Засгийн газар аль болох хөл хорио тогтоохгүй байхыг эрмэлзэж байгаа ч нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхийг таах аргагүйг тодотгов.

Манай улсад шинэ жилийн баяртай холбоотойгоор 12 дугаар сарын сүүл, энэ сарын эхээр халдварын тохиолдол нэмэгдэж байна.  Манай улс омикрон хувилбарыг тодорхойлох аппаратыг ДЭМБ-ын тусламжаар авч суурилуулсан бөгөөд өнгөрсөн сарын 20-ноос эхлэн шинжилгээ хийж эхэлсэн. Шинжилгээний хариу эцэслэн гараагүй. Мөн 10-12 дугаар сарын 100 шинжилгээг Япон улс руу илгээсэн бөгөөд хариу нь энэ сарын сүүлээр ирэх төлөвтэй байна. 

Энхийг сахиулагчдын шинжилгээнд омикрон байх магадлалтай хэдэн тохиолдол байгаа ч дахин оношлох ажил хийгдэж байгааг хэллээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.38
    2022/01/07

    ter sudan gedegt n burtgegdeegui gej medeelj bhd yagaad zaaval sejig turuuleed bn ve? enhiig sahiulavchid eldev ymnii jiirgevch bish shuu! ta tsergiin alba haaj uzeegui .tsereg hun gedgiig medehgui l bhdaa

    Хариулах