Улсын хэмжээнд АИ-92 шатахуун 31 хоногийн нөөцтэй байна

Х.Есү
2022/01/12

Өнөөдөр Ашигт малтмал газрын тосны газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн агуулах дээр хяналт шалгалт хийлээ.

Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор АМГТГ-аас жил бүр Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй нөөц бүрдүүлэх журмын дагуу 30-аас доошгүй хоногийн шатахууны нөөцийг гэрээ байгуулан бүрдүүлдэг.

Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг 106 агуулах, (Үүнээс 24 агуулах Улаанбаатар хотод) 1419 шатахуун түгээх станц, 10 орчим хийн байгууламжаар хангаж байна.

Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмын дагуу долоо хоног бүрийн Мягмар гаригт шатахууны нөөц, үлдэгдлийн мэдээ, мэдээллийг тогтмол гарган холбогдох байгууллагад хүргүүлдэг бөгөөд уг мэдээ, мэдээллийн үнэн бодит байдлыг тухайн аж ахуйн нэгжийн агуулах дээр сар бүр хэмжилт хийж, тулган баталгаажуулах замаар гүйцэтгэж буй аж.

2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 64, Аи-92 автобензин 31, дизелийн түлш 28, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн нөөцтэй байна.

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг хэвийн байлгах асуудлын хүрээнд ОХУ-ын Роснефть болон БНХАУ-ын Петрочайна Интернэшнл компаниас энэ сард нийт 117 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох захиалга хийгдээд байгаа гэж Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна