Ерөнхий сайдад Цагаандэл уул-Өлзий боомт нээх тогтоолыг хүчингүй болгох талаар хүсэлт гаргана

2022/01/24

Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байгаа талаар Өмнөговь аймгийн малчид мэдээлэл хийлээ.

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэн Н.Насанжаргал "Бид Цагаандэл уул- Өлзий боомтыг эсэргүүцэж байна. 10 гаруй жилийн өмнөөс үүнийг эсэргүүцэж, олон иргэдийн гарын үсэг цуглуулж, хурал зөвлөгөөн хийж ирсэн. Гэтэл төр биднийг хүсэлтийг үл тоон ,бярдаж боомтыг нээх эцсийн шийдвэрт хүрч байх шиг байна.

Бид цаашдаа шат шатанд нь хандаж , олон улсын байгууллагад хүртэл хандаж эсэргүүцлээ илэрхийлнэ. Сүүлийн үед орон нутгийн удирдлагуудыг ажил албан тушаалтай нь ярина хэмээн шахаж, улс төржүүлж  боомтын асуудалд хүчээр гарын үсэг зуруулах гэсэн бичиг ирж байна. Нутаг орныг минь биднээс хүчээр булааж авах гэж байна.  Манай нутгийн хүмүүс бол бидэнтэй хүсэл зорилго нийтлэг байгаа учир битгий улс төржүүлээчээ.

Газар, түүний баялаг нь төрийн хамгаалалтад, ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт огт хэрэгжихгүй байна. Иргэдийн дуу хоолойг сонсохгүйгээр явцуу эрх ашгийн үүднээс хандаж, боомтыг нээх гэж байна. 

Тус боомт баригдсанаар таван уурхай ашиглалтад орох бөгөөд манай нутаг бүтнээрээ уурхайн мэдэлд орно. Ашиглалтын 41, хайгуулын 22 лиценз уг нөлөөллийн бүсэд байгаа. Ингэснээр Хүрмэн сумын айл өрх, 130 мянга гаруй мал хаана амьдрах нь тодорхойгүй болно. Галбын говь, хөхөлцөгийн говь хоёр бол ухагдаад дууслаа.

Усны нөөцийг ашигласнаар газар доорх нөөц үгүй болж, 33 төрлийн хөхтөн амьтан, 88 төрлийн эмийн ургамал устаж үгүй болох эрсдэлтэй" гэлээ.

Экологич Д.Туяа "2014 онд шинэчлэлийн засгийн газрын үед гарсан тогтоолын уршгаар Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Номгон гэсэн гурван сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрх зөрчигдөж байна.

Ховор ан амьтан, ургамал сүйдэх аюул нүүрлэж буй учир Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана. ажлын хэсэг гаргахыг хүсэж, орон нутгийн нөхцөл байдлыг судлан дээрх тогтоолыг хүчингүй болгох талаар зөвлөгөө өгүүлэхээр хандана.

Ерөнхий сайдад боомт нээх тогтоолыг хүчингүй болгох талаар хүсэлт гаргана. Мөн бид уг асуудлаар НҮБ-д хандана. Хүний эрхийг зөрчсөн шийдвэрийг шат шатны төрийн байгууллагууд гаргаж байгаа учраас олон улсын байгууллагад хандаж, нөхцөл байдлыг газар дээр нь судалж, зөвлөмж хүргүүлэхийг хүснэ" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 81.223.16.46
    2022/01/24

    Энэ одоо засаг төрөөс давж нүб ,гадаадын элчинд бичиг барьхаа боль

    Хариулах