Шүүгч нар өөрсдийгөө АТГ-т шалгуулахаар хандлаа

2021/03/23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан хүмүүст хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй гэж үзэн ҮАБЗ-д асуудал тавихаар болсноо мэдэгдэх үер шүүгч нарт өмгөөлөгч Н.Баасанцогт нөлөөлж, мөнгө тараасан байж болзошгүй талаар мэдэгдсэн. Үүний дараа МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд энэ талаар мэдээлэл хийсэн юм.

Энэ явдлын дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр дурдагдсан шүүгч, шүүхийн ажилтнуудад мэдэгдэл хүргүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр дээрх мэдээлэлд нэр дурдагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, захиргааны ажилтан Э.Дарханцэцэг, Г.Зулаа нар тухайн өмгөөлөгчтэй ашиг сонирхлын байдал үүсгэсэн эсэхийг хуулийн хүрээнд шалгаж, бодит байдлыг тогтоолгохоор өөрсдийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргажээ.

Энэ талаар “Эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хяналт шалгалт хийж үнэн бодит байдлыг тогтоох хүртэл шүүхийн байгууллага, нийт шүүгчдийн нэр хүнд, хараат бус байдлыг хөндсөн мэдээ мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүсье” гэж Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна