Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид Ардчилсан ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн холбоо, оюутны холбооны гишүүдтэй цахим уулзалт хийлээ.
Энэ үеэр АН-ын дотоод сонгуулийн хорооноос "Та бид АН-ын даргын сонгуульд оролцож байгаа 4 нэр дэвшигчтэй уулзаж, мөрийн хөтөлбөртэй танилцаж, захиас даалгавраа өгөхөөр цуглаад байна.
АН-ын даргын сонгуульд 18 хүн нэрээ дэвшүүлснээс 4 хүн шалгарч үлдээд байна. Гуравдугаар сарын 28-нд намын даргын сонгууль болж, иргэд сонгууль авах байранд очиж, цаасан хэлбэрээр саналаа өгнө. Эд материал амласан амлалтаар биш хариуцлагатай сонголт хийх цаг нь болсон" гэдгийг хэллээ.
Нээлтийн үг хэлсний дараа АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ АШИГЛАДАГ, ГИШҮҮД ТӨВТЭЙ НАМ БАЙНА
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч С.Энхболд "Энэ удаагийн АН-ын даргын сонгууль 4 хүний хоорон дахь өрсөлдөөн биш. Ардчиллыг дахин авчрах, залуу, дунд, ахмад үеийн хамтын тэмцэл. 30 жилийн өмнө том нийгмийг сөрөөд тэмцэж явсан залуу насны хүсэл тэмүүлэл хэрхэн биелсэн бэ? 30 жилийн дотор уйлж үзээгүй ахмад хүн гэж байхгүй байх.
Ахмадууд залуучуудаас намаа босгож, сэтгэл гаргаач гэж гуйдаг. 30 жилийн өмнөх ардчиллын бамбарыг дүрэлзүүлэхийн төлөө мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Мөрийн хөтөлбөрөө товчхон танилцуулъя.
Эв нэгдэл хамгийн эхэнд ярих ёстой зүйл. Нэг хүн ноён байдаг биш хамтын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлдэг болох ёстой. 2024 онд нэр дэвших хүнийг намын дарга шийддэггүй байх нь зөв. Бид хамтын удирдлага бүхий бодлогын сөрөг хүчин байх ёстой.
Манай намд хагараагүй үүр, хороо, дүүрэг гэж байна уу? Хагархай юм чинь яаж МАН-тай бодлогын өрсөлдөөнд орох юм бэ? АН-ыг засаглаж чаддаггүй гэж цуу яриа гарч байна. МАН сайн болохоор биш АН хагарсан учраас ялагдаж байгаа. Анхан дунд шатандаа өрсөлдөхүйц чадвартай хүмүүсийг төрөн гаргуулах учиртай.
Мэдээллийн технологийн шинэчлэл өөрчлөлтийг ашиглаж чаддаг, гишүүд төвтэй нам байна. Бид дотроо хэрүүл хийдэг нам байхгүй. Ардчиллын гал голомтыг босгох ёстой. Орох оронгүй, оочих аягагүй байж том юм яриад байж болохгүй. Ялалтын 2024 хөтөлбөрийг зарлана. АН-ын нээлттэй мэдээллийн төв шилэн гэрээг байгуулна. Хашаандаа яаж сайхан амьдрах юм бэ? ЖДҮ-ийн зээлийг дарга нарт дээрэмдүүлэхгүй яаж авах юм бэ гэдэгт анхаарсан ард түмний дундах нам болно" гэв.
НАМЫН ДЭРГЭД СУДАЛГААНЫ ИНСТИТУЦ БАЙГУУЛНА
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч О.Амартүвшин "Биднийг яагаад нийгэм сонгохгүй байна вэ? Үзэл санааны хувьсгал хийчихээд бид мартсан. Хоёр дараалан манай нам ялагдсан. Бидний ялагдлын шалтгаан нь хагарал бутрал. Бид гишүүдээ сумаар нь мартчихдаг тохиолдол байна.
Ардчиллын 5 ялалт-ард түмний 5 ялалт мөрийн хөтөлбөрөө танилцуулъя. Эв нэгдэл, үзэл санаа, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгууль, үндэсний ялалт үүнд багтаж байгаа. Ядуурал 50-60 хувь болоод байна. Эдгээр 5 ялалтад хүрэхийн тулд дараах зорилгыг дэвшүүлж байна.
Намаас үзэл бодол татвар төлөөгүй гэдэг шалтгаанаар хөөгдсөн иргэдийг эргүүлэн нэгтгэж, ялагдуулчихаад эргэн нам руу дайраад байдаг тохиолдлыг таслан зогсооно. Технологийн дэвшлийг ашиглаж шилэн, цахим нам болцгооё. Асуудлыг тойрсон сонирхлыг бүлгүүдийг дэмжинэ.
Үндэсний хэмжээний нам юм бол орох оронтой болцгооё. Эрх баригчдыг бид бодлогын мэтгэлцээнээр ялдаг байх ёстой. Намын ёс зүйн хороог байгуулж, нэр дэвшигчдийн ёс зүйн асуудлаар зөвлөмж гаргадаг болно. Намын дэргэд судалгааны институц байгуулна. Ардчиллын үзэлтэй намуудыг нэгтгэнэ. Эмэгтэйчүүдийн оролцоо, сонгогдох боломжийг нээллтэй болгох ёстой" гэлээ.
АН ГИШҮҮДДЭЭ ӨГӨӨЖТЭЙ НАМ БАЙХ ЁСТОЙ
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Д.Пүрэвдаваа "Ардчилсан нэртэй болохоос биш манай нам Ардчилсан биш болсон. Манай нам намдаа тууштай зүтгэсэн хүмүүст үр өгөөжөө өгдөг байх ёстой. 20 гаруй жил би намын гал тогоонд буцалсан.
Би долоон жил дарга хийхдээ дандаа ялуулж байсан. Намаас болж золиосонд орсон намын дарга бий юу? Эхний ээлжид манай нам гишүүддээ өгөөжтэй нам байх ёстой. АН үлгэр жишээ биш учраас МАН-д боломж олгож байна. Бид үзэл санаагаар сонголтоо хийж чадахгүй байна. Ардчиллын төлөө зүтгэсэн хүн бүр адлуулж дууслаа. Залуучууд шинэчлэлийг авчрахын төлөө зоригтой хөдлөх хэрэгтэй.
Дүүрэгтээ 20, 30 сайн залуу бэлдсэн. Миний хувьд уран яруу ярьж чаддаггүй. Ямар нэгэн хэлбэрээс илүү үр дүнтэй байгаасай гэж хүсэж байна" гэв.
АН-ЫН БОДЛОГО ҮЙЛ АЖИЛЛАГАА ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛОХ ЁСТОЙ
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч О.Цогтгэрэл "Миний хувьд орон нутгийн намын удирдлагаар 3 жил ажилласан. Миний хувьд улс төрд шинэ хүн биш. Ардчилсан нам сонгууль болохоор сэрсэн юм шиг эмэгтэйчүүд, ахмадууд дээрээ очдог. МАН-ын хамгийн их бат бөх байр сууриа эзэлсэн Увсад манай нам ажилт үзүүлж болж байгаа учраас өөр газарт ч амжилт гаргах итгэл төрсөн. Тиймээс энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа.
АН-д хийх шинэчлэлийг хамтдаа хийцгээе гэсэн уриалгаар сонгуульд оролцож байна. Шинэчлэлийн ажил зөвхөн АН-ын хэдхэн хүрээнийхний асуудал биш. Уул уурхайн баялгийг хувааж хүртдэг, дарга нарт нэг өөр байдаг энэ тогтолцоог халах ёстой. Телевизээр их сайхан зүйл ярьдаг. АН үзэл баримтлалдаа бат зогсоогүй улмаас алдагдсан боломжийн өртөг өсөж байна.
Бид бүхний хувьд хийх ажил их байна. Гарсан дарга нар халааснаасаа нэр дэвшигчдийг тодруулдаг, улс төрийг аргалж хийдэг үеэ өнгөрөөх ёстой. Мөрийн хөтөлбөрийн хувьд ганцхан зүйл яръя. АН-ын бодлого үйл ажиллагаа хүртээмжтэй болох ёстой" гэлээ.
ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАЖ, АН-ЫГ АТГАСАН ГАР ШИГ АВЧ ЯВААРАЙ
Ардчилсан ахмадын холбооны гишүүдийн зүгээс "Бид залуу үеийн төлөөллийнхөө хүч чадлыг бүрэн ашиглаж чаддаггүй. АН-д боловсон хүчний бодлого байхгүй. Гадаадад бэлтгэдэггүй. Дарга болсон хүнийг ямар гавъяа байгуулсан юм бэ гэхээр хэн ч мэддэггүй. Бодвол мөнгө л өгөөд даргаар томилогддог байх. Энэ тал дээр анхаарч өгөхийг хүсэж байна" гэдгийг хэллээ.
Ардчилсан оюутны холбооноос "Эрх баригч нам Монголын ирээдүй болсон залуучуудын хөгжилд чиглэсэн 2012-2016 оны бүх бодлогыг зогсоосон. Шинээр сонгогдох дарга та залуучуудын боловсролд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэээрэй. Эв нэгдлийг хангаж, АН-ыг атгасан гар шиг авч яваарай гэж захъя" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна