Ардчилсан нам /АН/-ын хуваагдлыг цэгцэлж, намын даргыг сонгох бус Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахыг тус намын гишүүд, удирдлагуудад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр уриаллаа.
Тэрбээр, өнгөрсөн баасан гарагт хоёр талд хуваагдаад байгаа намын удирдлагыг эвлэрүүлэх зөвшилцлийн санал гаргасан ч хариу өгөөгүй байна.
Хэрэв АН хуваагдлаа нэг мөр болгож Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахгүй бол хуулийн "хайчинд" өртөх эрсдэл байна хэмээн тодотгов. Тэрбээр, "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь АН-ын дүрэмтэй нийцэхгүй. Энэ хуулийн хайчинд байгаа гэдгээ ямагт ухамсарлах ёстой.
Учир нь АН-ын нэр дэвшигчийг тодруулахад гурван хоногийн хугацаа шаарддаг. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 30-нд нэр дэвшигчдийн материалыг авч, дотоод сонгуулийн хороо бүртгэнэ. Тухайн өдрийн үдээс хойш нэр дэвших эрх авсан хүмүүс намын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулснаар маргааш нь сунгааны санал хураалт болох юм. Үүний дараа өдөр нь намын их хурлаар нэр дэвшигчийг батламжилна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд тавдугаар сарын 2-5-нд хүргүүлнэ. СЕХ-ноос нэр дэвшигчийн материалд асуудал гарвал хоёр хоногийн хугацаанд залруулахаар хуульд тусгажээ. Энэ хугацаанд АН-ын дүрмээр нөхөн нэр дэвшигч тодруулах боломжгүй. Гэтэл тусдаа тамгатай хуваагдсан АН-аас хоёр нэр дэвшигчийн материал СЕХ-нд очвол нэг нь албан ёсны тамгатай, нөгөөх нь цахим бүртгэлгүй гэх үндэслэлээр хоёулаа нэр дэвшигчээ хасуулах эрсдэлтэй. Ийм хуулийн хайчинд байгаа нөхцөлд удирдлагууд намын даргаа тодруулна гэж зүтгэсэн хэвээр байна. Тиймээс хоёр тал зохицоод намын хуваагдлаа цэгцэлж, ҮБХ болон намын их хурлыг зарлаж даргаа сонгохоо болиод нэр дэвшигчээ тодруулмаар байгаа юм. Ерөнхийлөгчийн тухай хуулийн энэ асуудлыг хүмүүс мэдээгүй царайлж байгаад харамсаж байна. Тэд гишүүдээ умартаж өнөөдөртөө зөвхөн өөрийн эрх ашгаа харж болно. Гэхдээ ирээдүйд АН-ын гишүүд намын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүйн төлөө та бүхнийг яллах болно гэдгийг хариуцлагатай мэдэгдье" хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.69.216
Eedee ene 2 yagaad ch niilehgui boljee harin gishuun bid n yanavdee? Gundalaigiin namd negdeh uu? Bolih uu???
Хариулах