Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах саналыг хэлэлцэв. Нэр дэвшигчийн талаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг танилцууллаа.
Улсын дээд шүүхийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэйгээр зохион байгуулсныг танилцуулгад дурдав.
2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, 18 хүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлт гаргажээ. Нийт нэр дэвшигчдийн хоёр нь төрийн албан хаагчийн насны дээд хязгаарыг давсан гэх үндэслэлээр оролцуулаагүй бол гурав нь нэрээ татсан байна. Ийнхүү дээрх хуралдаанаар 13 нэр дэвшигч өрсөлдөж, Жуужаагийн Эрдэнэбулган нь хамгийн олон санал авсан гэв. Иймд Улсын дээд шүүхээс Ж.Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулахаар саналаа хүргүүлжээ.
Нэр дэвшигч Жуужаагийн Эрдэнэбулганы товч намтар:
1970 онд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн. 51 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1988 онд Дундговь аймгийн I арван жилийн сургууль, 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, 1995 онд хууль зүйн ухааны магистр, 2012 онд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.
Ингээд Жуужаагийн Эрдэнэбулганыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилуулах Улсын дээд шүүхийн саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлүүлэхээр боллоо.
Эх сурвалж:www.polit.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.129.142.104
Үндсэн хуулийг цэцэд ийм л хүн хэрэгтэй байгаа юм даа. Шалгуурыг бүхэн хангана. Дэмжиж байна.
Хариулах